Аливаа юмны үнэ буурахад худалдан авалт өсдөг. Гэхдээ
тухайн юм нь хүмүүст хэрэгтэй зүйл шүү дээ. Монголчуудыг махгүй төсөөлшгүй
бөгөөд хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл махны үнэ огцом буусан энэ үед
худалдан авалт дагаад өсөх бус харин ч буурсан байна. Үүнийг албаныхан эдийн
засгийн хямралтай холбон тайлбарлаж иргэдийн худалдан авах чадвар буурсантай
холбов. Засгийн газрын албаныхны
тогтоосноор энэ сарын сүүлийн байдлаар махны үнэ килограмм тутамдаа өнгөрөгч
оны мөн үеийнхээс даруй 25 хувиар
буурсан байна. Хачирхалтай нь хямд махны борлуулалт 25 хувиар өсөх бус харин 25
хувиар буурчээ. Махны худалдаачид 2014 оны аравдугаар сард одоогийнхоос махны
үнэ болон борлуулалт хоёулаа өндөр байсан хэмээгээд өнөөдрийн байдлаар өнгөрөгч
оныхоос бараг дөрөвний нэг хувиар борлуулалт муудсан тухай өгүүлсэн юм. Гуравхан
жилийн та бид Герман, Францаас илүү үнэтэй мах хүнсэндээ хэрэглэж байсан бол
одоо тэдгээрээс арай хямд мах идэж байна. Гэхдээ иргэдийн худалдан авах
чадвартай харьцуулбал Монгол Улс дэлхийд хамгийн үнэтэй мах хэрэглэдэг орон.
Дэлхийн хамгийн олон малтай, нэг хүнд оногдох малынхаа тоогоороо дэлхийд
тэргүүлдэг улс шүү дээ. Хэдий тийм ч махны үнэ бага ч болтугай буужээ. Үүнд
Засгийн газар сайн ажилласан гэхээсээ илүүтэй малчид сайн ажилчин гэвэл
тохирно. Учир нь малчид махны үнийг буулгаж, Засгийн газар иргэдийн худалдан
авах чадварыг буулгав. Махны үнэ буухад малын тоо, толгой өссөн нь нөлөөлсөн
бөгөөд манай улс өнгөрсөн өвөл 52 сая мал тоолуулж, энэ хавар 15 сая төл хүлээн
авч, нийт 67 сая малтай болов. Мөн нэг үеэ бодвол Сомалийн нэг мужаас олон буюу
1000 малтай айл өрх жирийн үзэгдэл болж, мянгат малчингууд олширсных биз.