Энэ сарын 02-ны өдөр 100 айлын замд верна маркийн автомашины жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан байсан аж. Тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа байжээ.
Улмаар тухайн хүүхдийн эцэг эх рүү нь холбогдох гэсэн боловч гар утсаа машиндаа орхиод явсан учраас түгжрэлийг арилгах, хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахын тулд алба хаагч тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс холдуулж автобусны буудал дээр байрлуулаад явсан байна. Харин машинд байсан хүүхэд машинаа түгжээд эцэг эхээ дуудахаар явсан байх хойгуур тухайн гудамж замд ачилтын үйл ажиллагаа явуулдаг Бат-Зэв ХХК-ны ачигч автомашин замын цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг зөөж түр саатуулах байранд байрлуулжээ. Иймд дээрхи зөрчлийг гаргасан ачилтын компанид зөвшөөрөлгүй ачилт явуулахгүй байх, жолооч ачигч нарын харьцааны соёлыг сайжруулах дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлуулах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна.