\”Тэнхлэг Зууч\” ХХК-ийн захирал Д.Должинсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд борлуулагдаагүй хэчнээн орон сууц байна вэ?
-Орон сууцны нийт зах зээлийн хувьд нийтдээ 394 төсөл хэрэгжээд явж байна. Айлын тоогоор ярьвал 85 мянган орчим. Үүнээс захиалга аваад явж байгаа 257 төсөл байгаа. Нийтдээ 40 мянга орчин айлын орон сууц дээр захиалга авч байгаа гэсэн үг. Үүний борлуулалт 60 орчим хувьтай байна.
– Орон сууцны үнэ ямар байна вэ?
-Дундаж үнийн хувьд шинэ орон сууц ам.метр 2 сая 901 мянган төгрөгийн үнэтэй байна. Дүүргээр авч үзвэл Хан-Уул дүүрэгт ам.метр 2 сая 6400 мянга, Чингэлтэй дүүрэгт ам.метр 2 сая 600 мянга, Сүхбаатар дүүрэг ам.метр 2 сая 510 мянга, Баянзүрх дүүрэгт ам.метр 2 сая 20 мянга,Баянгол дүүрэгт ам.метр 2 сая, Сонгинохайрхан дүүрэгт ам.метр 1 сая 530 мянган төгрөгийн үнэтэй байна. Найм есдүгээр сард орон сууцны зах зээл хамгийн идэвхтэй байдаг. Борлуулалт нэлээд өсөлттэй гарсан байгаа. Хуучин орон сууцны үнэ бууралтай байна. Ерөнхий дөө орон сууцны үнийн өсөлт тогтворжиж байгаа.
-Орон сууцны үнэ тодорхой хэмжээнд тогтворжиж байгаа гэлээ. Үнийн тогтворжилтод юу нөлөөлсөн бэ?
-Үнэ тогтворжилтыг ямар нэгэн зүйлтэй холбож тайлбарлах боломжгүй. Нэг хэсэг маш их өсөлттэй байсан. Ипотекийн зээл олгогдож эхэлсэн, эрэлт их байсан учраас үнэн өсөлттэй байсан. Харин одоо болж буурч байна. Энэ нь орон сууцны эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байгаа. Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр багасчихсан байна.
-Өнгөрсөн сараас 0,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ юунаас болов?
-Энэ бол их хэмжээний өсөлт биш. Юунаас болж өссөн талаар тайлбарлах боломжгүй байна. Энэ салбарт тодорхой өөрчлөлт болоогүй. Бүтэн жилийн хугацаанд томоохон өөрчлөлт хийгдээгүй. Салбар нэг л хэвийн байгаа. Тэгэхээр яагаад өссөн бэ гэдгийг тодорхойлох боломжгүй юм.
-Судалгаанд хамрагдаж байгаа орон сууцнуудаас борлуулагдахгүй байгаа орон сууцыг цаашид яах вэ?
-Бодлого боловсруулж байгаа талаас борлуулалтын тал дээр шийдвэр гаргахгүй байгаа. Барилгын компаниуд өөрсдөө зээлээ гаргаж, мөн банк санхүүгийн байгууллага хамтарч зээлийг гаргаж борлуулалтаа дэмжиж байна. Сүүлийн саруудад арилжааны банкнууд ипотекийн зээл гэхгүйгээр өөрсдөө бага хүүтэй зээлийг олгоод явж байна. Энэ борлуулалтыг нэлээд дэмжиж байгаа.Нийслэлээс авч байгаа арга хэмжээний нэг хувилбар бол түрээсийн орон сууцтай холбох асуудал байгаа. Гэхдээ одоогоор журам нь гараагүй байна. Хамгийн хурдан борлуулах арга бол ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай.
–Ипотекийн зээл олгогдож байгаа юу?
– Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр багасчихсан байгаа.Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулбал боломжийн болох байх. Ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. Иймээс энэ чанаргүй зээл болох магадал маш бага байдаг юм. Зээлийн журам бага зэрэг өөрчлөлт оруулаад уяан хатан болчихвол эрэлт нэмэгдэнэ.
-Түрээсийн орон сууцны үнэ ямар байна вэ?
-Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар түрээсийн орон сууцны өрөө байрны дундаж үнэ 432 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хоёр өрөө 560 мянга, гурван өрөө байр 685 мянга, дөрвөн өрөө байр 860 мянган төгрөгийн үнэтэй байна. Түрээсийн орон сууцны үнэ өмнөх харьцуулахад дотоод үнэ 0,6 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн сартай харьцуулахад 2,3 хувиар нэмэгдсэн байдалтай байна.
Н.Алтанцэцэг