Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Нийслэлийн Баянгол дүүрэг \”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
шагнагдаж, сүрийг үзүүлэв. Анхны \”одонт дүүрэг” болж байгаа учраас сүр хүчийг
үзүүлж, парат, жагсаал зохион байгуулах нь ойлгомжтой биз.
Тус дүүрэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийнхээ амьдрах
амар тайван аюулгүй орчныг бий болгож, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд гарт
баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалт олноо хийсэн учир анхны одонт
дүүрэг болгосон гэх тайлбарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сайтад бичжээ.
Мөн энэхүү хүндэт одонгоор мялаалгах учиртай гэдгийг \”Эдийн
засгийн бодлого өрсөлдөх чадварын төв” гэх байгууллагаас гаргасан 150 индексээр
тодорхойлсон байна. Гайхамшигтай, баяр хүргэж, алга ташмаар явдал болжээ. Гэвч Засаг дарга С.Одонтуяагийн гаргасан А-363 тоот захирамжаас болж одонт
дүүргийн иргэд маргаашнаас өлсгөлөн зарлах хэмжээнд хүрээд байна.
Ахуй үйлчилгээний ордон, Мянган нэрийн бараа, Ачлал худалдааны төв, Москва
ресторан энэ бол Баянгол дүүргийн худалдааны гудамжийг илтгэх нүүр царай.
Тэдний дунд олон жилийн туршид ил байдлаар худалдаа хийж байгаа иргэд бий.
Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй олон хүмүүс энд бий л дээ. Зарим нь зохион
байгуулалтад орж, асар босгож, тэндээ худалдаа хийнэ. Зарим хайрцаг эвлүүлээд ойр зуурын юмс зарна. Өөрийгөө болоод гэр бүлийнхээ тэжээгээд болоод л байлаа. Гэвч дүүргийн Засаг дарга нь тэдний ажлын байрыг \”булаан авсан\” учир гэр бүлээ тэжээх орлогогүй болж, өлсгөлөн зарлахаас аргагүйд хүрсэн тухай ярьж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдод уг асуудлаар хандахад \”наад асуудлаа
дүүрэгтээ шийдвэрлэ” гэсэн албан бичиг илгээж, гэтэл дүүргийн албан тушаалтнууд
нь \”бид мэдэхгүй. Нийслэл л энэ асуудлыг мэднэ” гэсэн тайлбар өгдөг аж. Ингээд албан тушаалтнуудын хоорондоо шидэлцсэн цааснаас болоод туйлдаж байгаагаа худалдаа эрхлэгчид хэллээ.
Зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийх нь буруу. Гэвч олон жил энэ жишгээр
амьдарчихсан хүмүүсийг нэг өдөр захирамж гаргаад түүнийгээ ч танилцуулахгүйгээр хүч хэрэглэн хоолноос нь салгах нь Ардчилсан нийгмийн зарчим мөн үү. Одоо яах вэ. Эдгээр иргэдийг хоолондоо хүрэх өөр арга зам ол гээд хаях уу. Одонт дүүрэгт иргэдийнхээ асуудлыг шийдэх чадамж бий юу. Эсвэл Засаг дарга нь
инээж шагнал аваад иргэд гадаа хонож, өлсгөлөн зарлаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой юу.