Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ? гэх агуулгатай мэдээллийг сүүлийн үед сошиал ертөнц болон цахим мэдээллийн хуудсуудаар ихээр хүлээн авч байна уу. Энэ талаар албан ёсны дараах тайлбарыг хүргэж байна.
Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын онцлог түлхүүр нь энэхүү СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК юм. Та бүхэн санаж байгаа байх. Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого нь улс орон даяар олон мянган тоологч, шалгагч нар 7 хоногийн хугацаанд өрх бүрээр орж мэдээлэл цуглуулах зарчмаар явагдаж байсан. Харин энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, дээрх СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК-ийг гаргаж байгаа http://e-registration.nso.mn/webхуудсаар Монгол Улсын иргэн регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, Таны амьдардаг баг, хороонд хөтлөгддөг \”Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулснаар энэхүү тооллогод шууд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн, улс даяар тооллогын гэрээт ажилтан танай өрхөд очиж эсвэл танай өрх рүү холбогдож, \”Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шалгаж баяжуулах ажил хийгдэж байна.
Мөн гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэдwww.nso.mn хуудсаар дамжих буюу http://e-census.nso.mn/web хуудсаар орж тооллогодоо хамрагдаж байна. Иймд энэ удаагийн тооллого нь өмнөх тооллоготой харьцуулахад ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацааг хэмнэсэн онцлогтой болж байгаа юм.
Иргэдийн хамгийн их анхаарал татсан СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК-ийн хүрээнд гаргаж байгаа мэдээлэл нь \”Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн санд тулгуурлан хийж байгаа тооцоолол юм. Энэхүү \”Монгол Улсын …-р иргэний тооцоолол” нь хүн ам, орон сууцны тооллого бүрийн дараа хийгддэг хүн амын хэтийн тооцоотой, бүр тодруулбал, 2015 онд 3 сая дахь иргэнийг тодруулж алдаршуулсан аргачлалтай зарчмын хувьд ижил тооцоо юм. Өөрөөр хэлбэл, хүн ам зүйчид ирээдүйн хүн амынхаа тоог төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний бодит мэдээлэлд тулгуурлан тооцдог бол үүнтэй ижил зарчмаар өмнөх хугацаанд хичнээн хүнтэй байсныг тооцоолох арга зүй юм. Тэгэхээр СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК-ийн хүрээнд гаргаж байгаа \”Та Монгол Улсын … дахь/дэх иргэнээр мэндэлжээ” гэсэн мэдээлэл нь иргэн Та мэндэлснээр Монгол Улсын хүн ам тухайн тэр цаг үед … болжээ гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм байна. Энэ бол үнэхээр СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК шүү.
Иргэд энэхүү мэдээллийг маш их сонирхож, Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд хандаж байгаа учраас ачаалал үүсэх, програм гацах, зарим тохиолдолд логикийн уялдаагүй мэдээлэл үзүүлэх зэрэг хүндрэл үүсч байна. Тиймээс иргэд хүлээцтэй байж, цахим хуудсанд байршуулсан зааврын дагуу хандаж, бүртгэлээ шалгаж баталгаажуулах хэрэгтэй.
Нөгөө талаас, иргэний хувийн нууцтай холбоотой мэдээллийг нийтэд ил болгож байгаа мэт өрөөсгөл ойлголт гарч байна. Иргэн Та зөвхөн регистрийнхээ дугаараар, өөрийн и-мэйл хаягаараа программд нэвтрэн нууц үгээ авч, мэдээллээ шалгаж байгаа тул Таны мэдээлэл зөвхөн Танд л харагдах байдлаар нууцлалыг хангасан болно.
\”Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шинэчилэн баяжуулах буюу завсрын тооллогын онцгой ажил 2015 оны 12 дугаар сарыг дуустал явагдана.