\”Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслөөс өнөөдөр \”Монголын нууц товчоо”-ны Түгээмэл эх номны япон хэл дээрх хувийг олонд танилцуулж, нээлтийн арга хэмжээг Үндэсний номын санд зохион байгууллаа. Ингэснээр \”Монголын нууц товчоо” 7 дахь хэл дээрээ /монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар/ хэвлэгдэж байгаа юм.
Япон хэл дээрх хувилбарын орчуулгыг Японы нэрт монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо хийжээ. Номын зургийг \”Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн санаачлагч, зураач Р.Батцэнгэл зурсан байна.Төслийг санаачлагч, зураач Р.Батцэнгэл: \””Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төсөл 2008 онд анх эхэлж байлаа. Төсөл эхэлснээс хойш Монголын нууц товчоо ес дэх жил дээрээ долоон хэл дээр гарчихаад байна.
Зургуудын хувьд уншигчдад яг кино үзэж байгаа мэт үйл явдал, ахуй амьдралд хөтлөгдөж уншаасай гэж бодож зурсан. Хамгийн гол нь археологичдын олдвор, түүхийн судалгаа дүгнэлтэд тулгуурлаж бүтээсэн. Номын текст дээр зурган агуулга нэмэгдсэнээрээ илүү онцлогтой болж байна” гэв.