Сингапурын Ерөнхий сайдын албан тушаалыг 20 жил хашсан Ли Сянь Лун ажлаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд Сангийн сайд Лоуренс Вонг томилогдож байгаа юм.
1965 онд Сингапур тусгаар улс болсноос хойш Ерөнхий сайдын албан тушаалыг дөрвөн хүн хашсан ба бүгд Ардын үйл ажиллагааны намын гишүүд байв.
Анхны Ерөнхий сайд буюу Ли Сянь Луны аав 25 жилийн турш тус албыг хашиж, Сингапурын улс төрд томоохон үүрэг гүйцэтгэсэн.
Шинжээчдийн дүгнэж буйгаар 20 жилийн дараа шинэ Ерөнхий сайдтай болсноор Сингапурын улс төр Лигийн гэр бүлийн сүүдрээс гарч, удирдлагын түвшинд хувьсал гарч байна гэв.
Ли Сянь Лун Ерөнхий сайдын эхэн жилүүддээ ихээхэн шүүмжлэл, шалгалтуудтай нүүр тулгарч байсан ч 20 жилийн хугацаанд түүний удирдлага дор Сингапурын эдийн засаг төрөлжиж, тус улс аялал жуулчлалаар хүмүүсийг их татах болсон.
Мөн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС