Ирэх сард Сингапурт болох АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтад Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нэмэгдсэнээр гурван талт хэлэцээр болж магадгүй байгааг өнөөдөр Сөүлийн албаны эх сурвалж мэдээлжээ.
Гурван талт хэлэлцээр болох эсэхийг өнөөдөр үргэлжилж байгаа АНУ-Хойд Солонгосын төлөөлөгчдийн уулзалтын үр дүнгээс хамаарч шийдэх гэнэ.
Гурван талт уулзалт, хэлэлцээр хийх санаа анх дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжомд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Мүн Жэ Инээс гарч байжээ.
Өнгөрсөн Бямба гарагт Ким Чен Ын-тай хоёр дахь удаагаа гэнэтийн уулзалт хийснийхээ дараа тэр энэхүү санаагаа дахин илэрхийлсэн байна. Солонгосын дайныг төгсгөх энхийн гэрээг Сингапурт гурван талын оролцоотой байгуулах нь зөв гэж Мүн Жэ Ин үзэж байгаа юм.
Трамп-Кимийн уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэхээр Вашингтоны албаныхан Хойд Солонгосын хилийг даваад байгаа. Тэдний хэлэлцээр өчигдөр эхэлж, Даваа, Мягмар гарагуудад үргэлжлэх юм байна.