Баасан гарагт Афганистан даяар их устай аадар бороо орсны улмаас голууд үерлэж, хэд хэдэн мужийн тосгон суурин, тариалангийн газрууд усанд автсан байна.
Энэхүү гэнэтийн гамшгийн үеэр нийтдээ 300 гаруй хүн амиа алдсаныг НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр байгууллага Бямба гарагт мэдээлжээ.
Гэхдээ энэ тоо нь үерт хамгийн их нэрвэгдсэн Афганистаны хойд бүсийн Баглан мужаас ирсэн мэдээ юм байна.
“Сүүлийн байдлаар зөвхөн Баглан мужид 311 хүн амь үрэгдэж, иргэдийн 2,011 сууц бүрэн сүйрч, 2,800 сууц гэмтсэн байна” гэж Афганистан дахь НҮБ-ын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Рана Дераз мэдээлжээ.
Хохирлын тоог албаны эх сурвалжууд янз бүрээр мэдээлж байна. Тухайлбал Афганистаны дотоод хэргийн яам Баглан мужид 131 хүн амь үрэгдсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх төлөвтэй байгааг мэдэгджээ.
Хойд бүсийн Тахар мужид 20 хүн, хөрш Бадахшанд хоёр хүн үерийн усанд амиа алдсаныг бас мэдээлсэн байна.
Афганистаны засгийн газар зэвсэгт хүчний техник хэрэгслийг гамшигт нэрвэгдсэн бүсээс ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд ашиглаж эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын дундаас хойш Афганистаны олон мужид үер усны гамшиг тасрахгүй байгаа. Сүүлийн үерээс өмнө тус улсын 10 мужид нийтдээ 100 орчим хүн үерийн улмаас амь насаа алдаад байжээ.
Афганистаны 40 сая гаруй хүн амын 80 хувь нь газар тариалангаар амьдралаа залгуулдаг. Үерийн усанд тариалангийн газрууд ихээр урсаж, сүйдсэн нь гамшгийн эдийн засгийн хор хохирлыг улам нэмэгдүүлж байна.
Харьцангуй хуурай өвлийн улиралтай Афганистаны хөрс гэнэтийн их хур тунадсыг шингээх чадвар муу байдаг.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд маш их эрсдэлтэй бүс нутагт тооцогддог.
40 гаруй жил дайн самуунд өртөж, хүн ам нь ядуурч туйлдсан Афганистаныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн муу бэлтгэлтэй улсуудын нэг гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: AFP