Европын Агаарын аюулгүй байдлын агентлаг (EASA) ОХУ-ын агаарын зайгаар нисэх тухай зөвлөмжөө өөрчилж, Европын холбоо руу нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудад ОХУ-ын таван бүс нутгийн агаарын орон зайгаар зорчихгүй байхыг зөвлөжээ.
Европын Агаарын аюулгүй байдлын агентлаг агаарын тээврийн компаниудыг ОХУ-ын нийслэл Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Ростов-на-Дону, Самара хотын агаарын бүсээр нисэхгүй байхыг зөвлөжээ.
Энэхүү зөвлөмж нь 2025 оны 7-р сар хүртэл үйлчлэх аж.
Европын Агаарын аюулгүй байдлын агентлаг уг зөвлөмжөө ОХУ-Украины дайн, иргэний агаарын тээврийн онгоцууд санамсаргүй байдлаар халдлагад өртөх эрсдэлтэй байгаа зэргээр тайлбарлажээ.
Ингэхдээ Украины пуужингийн цохилт, дроны халдлагын хариуд Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллаж, үр дүнд нь өнгөрсөн сарын 25-нд Казахстаны Актау хотод Azerbaijan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон явдлыг жишээ болгожээ.
Azerbaijan Aitrlines компанийн зорчигч тээврийн онгоцны ослын шалтгааныг тодруулах шалгалт явагдаж байгаа энэ үед гадаадын хэд хэдэн авиа компани Оросын хотууд руу хийх нислэгүүдээ цуцалсан бол ОХУ-ын хувьд Оросын агаарын орон зайд хийх нислэгүүдэд ямар нэг хязгаарлалт тавиагүй бөгөөд дроны халдлага болох үед нисэх онгоцны буудлуудынхаа үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авдаг билээ.
Европын Агаарын аюулгүй байдлын агентлагийн зөвлөмж нь тус агентлагаас сертификат авсан гуравдагч орнуудын агаарын тээврийн компаниудад хамаатай бөгөөд Европын холбооны авиа компаниуд ОХУ-Украины дайн эхэлсэнээс хойш ОХУ-ын агаарын орон зайгаар нислэг үйлдэхээ хэдийн зогсоосон билээ.
Эх сурвалж: meduza.io