УИХ-ын Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал болов.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Бид түүхий нүүрснээс салаад арай сайжруулсан хагас коксожсон түлш рүү шилжсэн.
2019-2020 онд утаа аятайхан болсон шүү дээ. Болдог хэрнээ яагаад ухардаг юм бэ, одоо муужруулдаг түлш болчихлоо.
Гэтэл хээвнэг стандарт дажгүй гээд яриад суух юм, яасан ичдэггүй юм бэ.
Ард иргэд гадаа цуглаад, 70 мянган хүн гарын үсэг зураад ерөнхий сонсгол хийх хүсэлт гаргачхаад байж байна. Төрийн ажлыг ингэж хийхгүй. Эсвэл Монголчуудыг хороо гэсэн үүрэг, даалгавар авчихсан юм уу.
Үнэн, худлыг нь мэдэхгүй байна. Барьцалдуулагч бодисыг нууцад авсан гэдэг үнэн үү, үүнд хариулт авъя.
Мөн ургийн эндэгдэл, дутуу төрөлт, томуу, томуу төст өвчин. Энэ талаар мэдээлэл хэлж өг. Би хүртэл ханиалгаад салахгүй байна” гэлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Он гарснаас хойш 38 хүн угаарын хийд хордож нас барсан, цаг гаруйн өмнө нэг хүн нэмж угаартсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн байдлыг сүүлийн 10 жилийн байдлаар авч үзлээ. Шинээр бүртгэгдсэн уушгины хорт хавдрын өвчлөл 2014 онд бодит тоогоор 140 тохиолдол байсан бол 2023 онд 208 тохиолдол болжээ. Гэхдээ 2018, 2020 онд 180-190 байсан, огцом биш ч өсөлт ажиглагдсан.
Эндээс анхаарал татсан зүйл нь агаарын бохирдол мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоосон. Хүүхдийн аутизмын өвчлөл 2014 онд 30 бүртгэгдэж байсан бол 2023 онд 1732 бүртгэгджээ. Шууд өсөлт гэж дүгнэх нь буруу. Илрүүлэг сайжирсантай холбоотой байх. Гэхдээ энэ төрлийн өвчлөл нэмэгдэж буйг эндээс харж болно” гэлээ.