Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татсан тухайгаа мэдээлсэн. Тэгвэл түүнийг \”Амгалан\” дулааны цахилгаан станц болон санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээллийг албаны хүн өгсөн байна. Энэ дагуу өнгөрсөн пүрэв гаригт түүний эзэмшлийн \”Залуу Монгол\” компанийн байранд болон гэрт нь нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтуудыг хураан авсан байна.
\”Амгалан\” дулааны цахилгаан станцын санхүүжилтийг \”Хөгжлийн банк\”-наас олгосон. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал Н.Мөнхбат нарыг шалгах явцад М.Сономпилтой холбоотой асуудал гарч ирсэн байж болзошгүй юм.
Гэхдээ дан \”Амгалан\” дулаан цахилгаан станцтай холбоотой асуудлаар М.Сономпилыг шалгаж байгаа гэвэл үнэмшил багатай санагдаад байгаа юм. Энэ ажил М.Сономпилын дараагийн сайд буюу Д.Зоригтын үед дууссан. Тэгээд ч Хятадын \”Чайна Машинери Инженеринг Корпораци\” ажлыг гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр сайдын мэдлээс гарсан асуудал гэж харагдаж байгаа. Гэхдээ хуулийн байгууллага нэг хэргийн учиг атгасан учраас л М.Сономпилыг шалгаж, ажил болон гэрт нь нэгжлэг хийсэн болов уу.
Ингээд \”Хөгжлийн банкны\” гэх асуудалд Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нар нэг нэгээрээ татагдаад эхэллээ.