УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүрээний
найман хүнд хуурамч бичиг баримт бүрдүүлэн, орон сууц олгосон асуудал
дэлгэгдээд байгаа билээ. Тодруулбал, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийн
газрын дарга Э.Зоригт энэ тухай хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн
байдаг юм. Тэрээр \” … Яаманд огт
ажилладаггүй Д.Дагвагүнчин, Ц.Пүрэв-Очир, н.Булган нарын гурван хүнд тушаал гаргаж орон сууц олгосон
байгаа. Харин үлдсэн 4-5
хүний хувьд өмнө сайдын зөвлөх, яамны удирдах албан тушаал эрхэлж байсан хүмүүс
юм. Одоо ажилладаггүй ч, өмнө нь ажиллаж байсан хүмүүс гэж ойлгож болно.
Ер нь болзол, шаардлагыг хангаагүй найман хүнийг орон сууцанд оруулах тушаалыг Х.Тэмүүжин
сайд байхдаа гаргасан байна. Гэвч зарим тушаал шийдвэрүүд олдохгүй
хүндрэл учирч байгаа …” гэж мэдэгдсэн юм.
Яаманд ажиллаж
байсан хүмүүст дарааллын журам зөрчиж орон сууц олгосон асуудлыг нүдээ аниад
өнгөрч болох юм. Гэвч яаманд огт ажилладаггүй гурван хүнд орон сууц олгосон
байхад албан хаагчид яаж зүгээр өнгөрөөх билээ дээ. Тиймээс л ямар учиртай
хүмүүс дарааллын журам зөрчиж орон сууцтай болсныг тодруулахаар сайд болон
яамны удирдлагуудад хандах болсноор эл хэрэг олон нийтэд дэлгэгдсэн юм.
Гэвч УИХ-ын
гишүүн Х.Тэмүүжин өнөөдрийн хүртэл мэлзсээр л байна. Тэрээр нэгэнт тодорхой
болсон асуудалд тайлбар өгөхийн оронд
Авлигатай тэмцэх газарт уг асуудлыг өгч
шалгуулжээ. Харин түүний хүсэлтийн дагуу АТГ-аас шалгалт хийж \” … Таны хүсэлтэд дурдагдсан Хууль зүйн
сайд байхдаа хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, байр өгсөн. Үүгээр
ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн гэх асуудлын хувьд Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийнлэх тухай хуульд заасан
хориглолт хязгааралтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн
хариултыг өгсөн байна.
\”Ер нь ямар
авлигач би авлига авлаа, намайг бариарай гээд зогсож байх вэ дээ” гэж Монгол
Улсын Ерөнхийлөгч нэгэн хурал дээр хэлж байлаа. Үүн шиг ямар ч сайд би хууль зөрчлөө шүү гээд
нотлох баримтаа үлдээхгүй нь тодорхой. Харин үүнийг олж илрүүлэх нь хуулийн
салбарынхны ажил, үүрэг. Гэтэл Хууль зүйн яам нь \”Х.Тэмүүжинг хууль зөрчсөн
байна” гээд мэдэгдээд байхад АТГ-аас \”хууль зөрчсөн нь тогтоогдсонгүй” гэсэн
утгатай мэдэгдэл хийгээд байж байх юм.
Хууль зүйн
яаманд огт ажиллаж байгаагүй гурван хүнд Х.Тэмүүжин хөнгөлттэй нөхцлөөр орон
сууц олгочихсон тушаал захирамж нь ил байна. Гэтэл АТГ л үүнийг олж харж чадахгүй
харалган байна гэж үү. Бидэнд олдсон тушаал, захирамжууд АТГ-т олдохгүй байна гэж юу байхав.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин \”Хуурамч
бичиг баримт бүрдүүлж хамаатнууддаа байр өгсөн гэх мэдээллийн эх сурвалжийг нь
олох л үлдлээ” хэмээн жиргэсэн байна. Эх сурвалжийг хайж ядах юу байна. Бүх
мэдээлэл Хууль зүйн яам дээр нээлттэй л байгаа шүү дээ. АТГ л олж чадаагүй
болохоос \”мэдээлэл авахыг хүссэн хүн бүрт өгнө\” хэмээн Хууль яамны албаны хүн
дурдсан удаатай. Харин одоо эх сурвалж
хайх бус яаманд огт ажилладаггүй гурван хүн орон сууцандаа байгаа юу,
Х.Тэмүүжин сайдтай ямар холбоотой хүмүүс вэ гэдгийг л тодруулах хэрэгтэй
болчихоод байна. Үүний дараа Х.Тэмүүжин хууль зөрчсөн үү, үгүй юу, Хууль зүйн яам үнэн мэдээлэл өгөв үү, санаатай худал мэдээлэл цацав уу, АТГ-аас захиалгаар хяналт шалгалт явуулдаг уу, хуулийн дагуу ажилладаг уу гэдэг нь тодорхой болох бус уу.
А.Аюуш