Хүү төрөхөөр бөх
болоорой гэж ерөөдөг монголчууд бөхөө хүндэлдэг, хайрладаг ард түмэн. Тэгвэл
сүүлийн үед бөх гэхээрээ омгорхож, аархаж, хүч чадал доогуур нэгэндээ бяраа
гаргасан нэг л их хөмсгөө зангидан явдаг нөхдүүд олон болж. Өнөөгийн зарим
бөхчүүд монгол бөхийн эртний сайхан уламжлалыг уландаа гишгэж, нэр хүндийг нь
унагасаар яваа бөгөөд тэдэнд хариуцлага тооцдог эрх мэдэлтэн, албан газар гэж
алга. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг өнөөгийн бөхчүүдэд \”эцэг” нь
болсон, буруу зүйл хийвэл хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэдэг албан газар
үгүйлэгдэж байна. Нөгөө талаас жилийн бүрийн наадмын дараа сэргээшийн асуудал
яригдаж, тэр бөх сэргээш хэрэглэсэн гэнэ лээ гэсэн асуудал яригддаг ч тэгсхийгээд
намждаг. Нэгэнт сэргээш хэрэглэсэн
бөхдөө хариуцлага тооцож чадахгүйн бол олон мянган ам.доллар зарцуулан байж
гадаадад сэргээшийн шинжилгээ хийлгээд ч яах юм. Тэгвэл саяхны нэг барилдаан
дээр наадмаар цол хүртэж, басхүү сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын начин
Ч.Цогбаяр өрсөлдөгчийнхөө тэнцвэрийн цэг болсон эрүүнд илтээр цохиж, спортын
бус авир гаргасан нь өнөө ч хүмүүсийн дунд шүүмжлэл болон яригдсаар байна.