\”Эхийн сэтгэл”, \”Ээжийн цэнхэр нутаг”, \”Сэтгэлийн нандин” зэрэг дуугаараа эхчүүд, эмэгтэйчүүд, монгол зон олныхоо хайрыг татсан залуу дуучин Д.Найдандорж СУИС-ийн оюутан байхдаа л хэд хэдэн дуутай болж дүрсжүүлсэн чадварлаг уран бүтээлч билээ.
Багаасаа дуучин болохыг хүсч, эдүгээ тэр мөрөөдлөө биелүүлээд буй Хөвсгөл аймгийн Галт сумаас гаралтай залуу дуучин Д.Найдандорж өөрийн анхны бие даасан \”Хайраар зөөлөрдөг хорвоо\” тоглолтоо энэ сарын 30-нд ард түмэндээ тайлагнах гэж байна.
Залуу уран бүтээлч авч хэдийн мянга мянган үнэнч фэнтэй болж чадсан түүнийг анхны тоглолтоо хийх сургаар хоёр үнэнч фэн нь нэг сая төгрөгөөр гэнэтийн бэлэг барьсан нь өдгөө урлагийнхны дунд ам дамжин яригдсаар байна.
Дуучин маань ч энэ тухайгаа \”Дууг чинь сонсох дуртай гээд гэнэт өмнөөс мөнгө барихаар эхэндээ их балмагдсан…” хэмээн ярих аж. Ямартаа ч хүүхдэрхүү ил цагаахан яриатай тэрээр дуучныхаа тухайд хэдийн эрийн цээнд хүрч, түмний хүндлэл хүлээсэн уран бүтээлч болж чаджээ. Ингээд дуучин Д.Найдандоржийн яриаг уншигч танаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа Д.Найдандоржийн талаар уншигчид маань дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байгаа байх. Бага нас, нутаг усныхаа дурсамжаас ярилцлагаа эхлэх үү?
-Танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би 1989 онд Хөвсгөл аймгийн Галт сумд төрсөн. Хүүхэд нас маань бусдын л нэгэн адил, мал дээр, морин дэл дээр л өнгөрсөн дөө.
Намайг бага байхад аав, ээж хоёр маань Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг байсан.
Ээж маань Сүлжмэлийн үйлдвэрт, аав Дулааны цахилгаан станцад ажилладаг. Харин би өвөө, эмээтэйгээ амьдардаг байсан. Хүүхэд байхдаа морь их унадаг байлаа. Өвөө маань их сайхан дуулдаг, адуу малыг их сайхан эдэлдэг хүн байсан болохоор их олон зүйлийг өвөөгөөсөө сурсан.
-Хүүхэд бүхэн мөрөөдөлтэй байдаг. Бага байхдаа л дуулж эхэлсэн үү?
-1997 онд манайх Мөрөн сум руу шилжиж, би Улсын тэргүүний нэгдүгээр арван жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд сурч, төгссөн.
Анги удирдсан багш маань Цогцэцэг гэдэг багш байсан. Багш маань ангийнхаа хүүхдүүдээс дуулах сонирхолтой хүүхдүүдийг шалгаруулаад, үсэглэлийн баярт оролцуулсан.
Тэр үед би шалгарч, бас дуулж байлаа шүү дээ. Ангийн багш маань олж хараад дуу хөгжмийн багш дээр дагуулж очсон нь дуучин болох замын эхлэлийг тавьсан юм болов уу. Манай багш нар хүүхдүүдээ их сайн бэлтгэдэг, уралдаан тэмцээнд авч явдаг байсан.
Ундармаа багш маань намайг сургууль төгстөл их сайн бэлдэж, тэмцээнд оролцоход тусалдаг байсан. Багштайгаа одоо ч холбоотой байдаг.
-Анхны тэмцээн, амжилтын гараа хэзээ байв?
-Олон тэмцээнд орсон доо. Зусланд явахад хүүхдийн урлагийн \”Яргуй” наадам болсон юм. Тэр наадамд дуулж \”Авьяас” мөнгөн медаль хүртэж байлаа. Өглөө нь тэмцээн болоод орой шагнал гардуулах үеэр би өрөөндөө очоод унтчихсан байсан.
Тэгсэн багш маань дуудаад, медаль авсан байна гэж хэлж байлаа. Тухайн үед Хүүхдийн төлөө газрын \”Авьяас” алт, мөнгө, хүрэл медаль гэдэг чинь тэмцээн уралдааны хамгийн том медаль байлаа шүү дээ.
Тэгээд дараа нь аймагтаа, цаашлаад аймгаа төлөөлж, улс бүсийн наадмуудад оролцож, олон удаа амжилт гаргаж байсан. 1-6 анги хүртлээ дуулсан.
Тэгсэн зургадугаар анги төгсөх үед нөгөө нарийхан цангинасан хоолой маань гарахаа болиод, хоолойны шилжилт явагдаад жаахан бүдүүн болж байхгүй юу.
Яг тэр үед дуулж чадахаа байлаа гээд сэтгэл санаагаар унаад, нөгөө дуучин болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд чинь гуньж гутраад л эхэлсэн.
Тэгээд 11 дүгээр ангид орох үеэс хоолой маань тогтоод, улсын уралдаандаа дахиж бэлтгээд л орж байлаа. Ингээд арван жилийн сургуулиа төгсөөд, СУИС-д шалгалт өгөхөөр ахтайгаа хамт Улаанбаатар хотод ирсэн дээ.
-СУИС-д шалгалт өгөх гэж буй хүмүүс мэргэжлийн багш нартай бэлтгэл хийдэг шүү дээ. Дөнгөж хөдөөнөөс ирсэн хүнд энэ бас их хэцүү давааны нэг байсан байх. Ер нь ямар багш дээр бэлтгэл хийж байв?
-СУИС-д бүртгүүлчихээд зогсч байтал сургуулийн коридорт нэг өндөр залуу бэлдээд л, дуугаа дуулаад байж байна.
Тэгэхээр нь явж очоод тэр залуутай танилцсан. Дундговиос ирсэн тэр залуу МУГЖ Д.Банди багш дээр бэлтгэлээ хийж байгаа, тэр хүн их мундаг хүн гэж түрүүлж ирсэн хүний ёсоор зөвлөсөн. Тэгээд Д.Банди багш дээр очиж, уулзаад \”СУИС-д сурах чин хүсэлтэй, дуучин болох хүсэл мөрөөдөлтэй” гэдгээ хэлж, бэлтгэл курст нь орж байлаа.
Багш маань бэлтгэл курсээ төгсгөх тэр хавар бурханы оронд одсон. Хэдий тийм ч тэр сайхан багшийнхаа дэргэд нэг жил ч гэсэн байж, зааж сургасан олон зүйлийг нь шингээж авах гэж их хичээсэн, би их азтай хүн дээ. Ингээд шалгалтаа амжилттай өгч, МУГЖ Д.Ганхуяг багшийнхаа удирдлага дор сурч, СУИС-ийг 2012 онд төгссөн.
Багш маань хичээлээ орохын зэрэгцээ амьдралын сайхан зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Тухайлбал, \”Дуучин гэдэг мэргэжил бол маш хүнд мэргэжил. Ялангуяа дуурийн дуулаач хүн бол нэг дуурийн гоцлол дүрийг гаргахад уурхайн гүнд ажиллаж байгаа ажилчинтай тэнцэхүйц энергийг зарцуулдаг.
Тийм учраас урлагийн хүн хариуцлагатай байх ёстой” гэж хэлдэг байсан. Ер нь СУИС-ийн тэр олон сайхан багш нарын сургаалиар одоогийн энэ дуучид маань өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог.
-Хамгийн анхны уран бүтээл тань Галт сумын тухай дуу байсан санагдаж байна?
-Хамгийн анхны уран бүтээл нутгийн дуу байсан. СУИС-ийн нэгдүгээр курст сурч байхдаа Галт сумынхаа тухай \”Нутаг” нэртэй уран бүтээлээ гаргаж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан.
Манай Галт сумын нутаг бол их сайхан үзэсгэлэнт газар нутагтай, хүн зон нь сайхан сэтгэлтэй. Манай сумаас таван Хөдөлмөрийн баатар, 22 гавьяат, 40 гаруй эрдэмтэн, доктор төрсөн их сайхан агуу түүхтэй нутаг. Энэ нутаг усанд төрж, өссөндөө үргэлж их бахархаж, омогшиж явдаг.
Төрсөн нутгийнхаа дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлсэндээ их бэлгэшээдэг. \”Нутаг” дуу маань манай нутагт их дуулагддаг, сайхан бүтээл. Би багаасаа дуулж байсан болохоор болчих байх гэж бодоод л анх студид орж байсан.
Гэтэл шал өөр орчин намайг угтсан. Хүссэнээрээ орилж байсан намайг хэд загнахад л \”хулхи нь бууна” гэдэг болж, төрхөндөө орсон доо.
-Д.Найдандорж хэмээх залуу дуучинг \”Сэтгэлийн нандин” хэмээх уран бүтээлээр нь таньдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ сайхан хайрын дуу төрсөн түүхээс хуваалцахгүй юу?
-Хамгийн анхны клип болох \”Аавдаа эрхэлсэн нас минь” дууныхаа клипний зураг авалт хийхээр Хөвсгөл аймагт явж байсан юм.
Тэр үед \”Жанхай” фильм студийн захирал Ж.Даваадамдин ахтай цуг явж байгаад \”Би нэг гоё хайрын дуу хиймээр байна” гэлээ. Даваа ах маань надад \”Сэтгэлийн нандин гээд шүлэг байна, чи үзэх үү” гэсэн.
Шүлгийг нь анх сонсоод надад маш их таалагдсан. Хүн болгоны сэтгэлийн нандин утсыг хөндсөн, сэтгэл дотроо хадгалдаг түүхийг нь өгүүлсэн сайхан шүлэг байсан учраас дуу хийлгэсэн.
Аяыг нь хөгжмийн зохиолч СТА Н.Баасандорж ах хийсэн. Энэ дуу маань нэлээдгүй цацагдаж, олны хүртээл болсон байна. Тэр дундаа миний нутгийнхан дуу болгоныг минь хүлээж сонсч, дараа дараагийн уран бүтээлийг минь хүлээж суудагт баярладаг.
\”Сэтгэлийн нандин” дуу миний нэрийн хуудас болж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу. Энэ дууныхаа нэрээр нэрлэсэн анхны бие даасан тоглолтоо Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын Хөгжимт драмын театрт хийж байсан. Анхны бие даасан цомгоо ч энэ дууныхаа нэрээр нэрлэсэн.
\”Сэтгэлийн нандин” гэдэг үг өөрөө хамгийн сайхан үг. Энэ цомогт багтсан 11 дууныхаа наймыг нь дүрсжүүлээд байна. Ерөнхийдөө цомгоо 100 хувь клиптэй гаргах юмсан гэж бодож байсан.
-Анхны тоглолтоо нутагтаа хийж байсан. Анхны тоглолт хамгийн их дурсамжтай, тэр хэрээр догдлол, нууцхан айдас төрүүлж байсан байх?
-Мэдээж маш их догдолж байсан. Нутгийнхаа урлагийн тайзанд гарахгүй их удсан байсан. Миний дууг хүсэн хүлээж байдаг нутгийн зон олондоо анхны тоглолтоо өргөн барих нь их сонин, содон мэдрэмж төрүүлдэг юм билээ.
Тэгээд манай нутгаас ийм сайхан уран бүтээлч төрж байна хэмээж маш их урам өгсөн шүү. Ерөнхийдөө миний хийж байгаа уран бүтээл маань миний амьдралтай их ойрхон санагддаг.
Манай Хөвсгөлийн \”Нэг үе” гэж клуб байдаг юм. \”Нэг үе” клубынхан маань нутгийнхаа дуучдын бүтээлээр цомог гаргаж байсан. Тэгээд надад \”Ээжийн цэнхэр нутаг” дуугаа дуулаач гэж санал тавьж байсан.
Мэдээжийн хэрэг надад ийм сайхан санал ирэхэд маш их бахархаж, хүндэтгэн хүлээж авсан. Энэ дуугаа дүрсжүүлэхээр нутагтаа очиж, Хөвсгөл далайгаа, өөрийнхөө эмээг уран бүтээлдээ мөнхөлж үлдээсэндээ их баяртай явдаг.
-Амжилттай яваа хүний ард заавал нэг сайн туслагч, ойрын хүн байдаг шүү дээ. Өөрт чинь хамгийн их тусалдаг, дэмждэг хүн хэн бэ?
-Миний бүх л зүйлийн ард ээж минь байдаг. Хүүхэд ахуй насанд уралдаан тэмцээнд оролцоход ээж минь л хөтлөөд явдаг, хамгийн сайн дэмжиж тусалдаг хүн минь ээж байсан болохоор ээжийн тухай дуу дуулахад цаанаа л нэг сайхан мэдрэмж төрдөг. Ээж гэдэг хүнтэй дэндүү ойрхон гэж хэлж болно. \”Эхийн сэтгэл” дууг би бүр бага байхаасаа л дуулдаг байсан. Хэрвээ би дуучин болох юм бол энэ дууг дуулах юмсан гэж хүсч мөрөөддөг байсан.
СУИС-д сурч байх үед энэхүү дууг дуулах аз завшаан надад тохиож байсан юм. Ээжийн тухай дуу дуулна гэдэг бол миний дотоод сэтгэл зүрхэнд их ойрхон байдаг. \”Эхийн сэтгэл” дууныхаа клипэнд ээжийгээ тоглуулж байсан. Намайг олон сайхан үзэгчдэд хүргэж чадсан болохоор энэ дуундаа их хайртай. Дуулахад хүртэл сэтгэл сэргэж, сайхан мэдрэмж төрдөг. Олон сайхан хүмүүс минь яг л ээжийгээ бодож суугаа шүү гэсэн бодлыг үргэлж төрүүлдэг.
Энэ дууны хамгийн гоё хэсэг бол дахилтны аялгуу юм.
-Эмээ, ээж хоёроо дуундаа мөнхөлж чадсан Д.Найдандоржийн хувьд \”Аавдаа эрхэлсэн нас минь” гээд сайхан бүтээл туурвисан шүү дээ?
-\”Аавдаа эрхэлсэн нас минь” гэдэг дууг хоёрдугаар курст байхдаа дуулж байсан. Манай нутгийн нэг ах аавдаа дуун суварга босгоё гээд МУУГЗ Т.Сэр-Од багшаар аяыг нь хийлгээд, яруу найрагч Х.Соёмбоор шүлгийг нь бичүүлээд, надад дууг нь өгч байсан. Энэ дууг дуулахдаа би өвөөгөө сэтгэл дотроо харж дуулсан.
-Хөвсгөлөөс төрөн гарсан олон сайхан дуучид бий. Тэдний араас замнаж байгаа залуу дуучин ч гэсэн өөрийн гэсэн уран бүтээлээ туурвиж, бие даасан тоглолтоо хийх гэж байна гэдэг том амжилт шүү?
-Олон сайхан дуучид байна. Тэднээс бид үргэлж суралцах ёстой. Галт нутгаас төрөн гарсан МУГЖ Н.Банзрагч, Дархад дууны Б.Дариймаа, Хотгойдын алдарт дууч Р.Лхамжав, Д.Надмид зэрэг олон гавьяатууд Хөвсгөлийн ард түмний бахархал байдаг. Энэ сайхан алдарт дуучдын залгамж халаа болон бэлтгэгдэж байгаадаа омогшдог шүү.
-Дуучдын зөвлөгөөг хэр авч байна. Нутгийн дуучид мэдээж их олон зүйл зааж өгдөг байх?
-Алтан үеийн дуучдын дууг сонсч их олон зүйлийг суралцдаг. Ялангуяа нутгаасаа гарсан гавьяатуудыг их сонсдог.
Алдаагүй амьдрал гэж байхгүй. Үлгэр дуурайлал авах юм олон байлгүй яахав. XX зууны дуунуудыг үргэлж амандаа аялаад л явна шүү дээ.
–Уран бүтээл гаргахад хөрөнгө мөнгө их шаардагдана. Нууц биш энэ асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ. Ер нь Д.Найдандорж гэдэг дуучны хувь хүн, түүнчлэн уран бүтээлч талаасаа ч бусдаас ялгарах онцлог юу байна?
-Ах дүү хамаатан садан, аав ээжийнхээ тусламж дэмжлэгээр одоохондоо санхүүжилт аваад явж байна. Нутгийн ах, эгч нарын тусламж маш их. Тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний уран бүтээл болгоныг өлгийдөн авч ард түмэнд хүргэж буй хүмүүсийн итгэлийг нь алдахгүй, олон сайхан уран бүтээл өлгийдөн авах болно. Бусад дуучдаас юугаараа өөр байх, ямар өвөрмөц онцлогийг харуулж чадах бол гэдгийг олон удаа бодож байсан. Би дууг цогц бүтээл байх ёстой гэж ойлгодог.
Шүлэг, ая, хөгжмийн найруулга, дуучны хоолой нэгдэж байж сайн уран бүтээл гарах болов уу гэж боддог. Хийж байгаа уран бүтээлээ цогц, төгс гаргах нь бусад залуу уран бүтээлчдээс намайг ялгаруулна гэж боддог. Залуу дуучид маш олноор гарч ирж байна.
Нэг талаараа энэ нь авууштай зүйл ч, нөгөө талаас хүн бүхэн дуулаад байх нь урлагийн үнэ цэнэ буурах болов уу. Монголчууд их дууч ард түмэн. Чанартай дуу, уран бүтээл гаргаж, өөрөө өөрийнхөөрөө байх нь миний \”имидж”. Би өөрөөрөө л байх дуртай. Өөрийгөө танихаа больчихсон хүмүүс нийгэмд олон болж байна.
-Сая ярилцлага авахынхаа өмнөхөн дэргэд чинь байсан хүмүүсээс сонслоо. Үнэнч фэн нь гээд хоёр хүн сая төгрөг өөрт тань бэлэглэсэн гэж. Ийм тохиолдол олон гарах уу?
-Урлаг тэр дундаа дуу гэдэг гайхамшигтай зүйл. Дуучин, үзэгч гэлтгүй дуулсан, сонссон бүх хүндээ сэтгэлийн таашаал, баяр баясгалан бэлэглэж байдаг. Надтай утсаар ярьж, бүр зорьж ирж уулзсан энэ хоёр ахад би танай сониноор дамжуулан дахин баярлаж талархснаа илэрхийлмээр байна.
Өөрийн чинь дуулсан дууг сонсох дуртай, уулзах гэсэн юм гэхээр нь би байгаа газраа хэлж өгсөн юм. Гэтэл ирээд \”Анхны тоглолтоо хийх гэж байгаад чинь баяр хүргэе. Дууг чинь үргэлж сонсож, дэмжиж байдаг шүү. Бидний сэтгэлийн бэлэг байгаа юм, тоглолтдоо нэмэрлээрэй” гээд нэг сая төгрөг өгсөн.
Ийм юм болно гэж бодоогүй байсан болохоор эхэндээ их балмагддаг юм байна хүн чинь. Мөнгө өгөх гэсэн юм гэж ярьсан бол өөр ш дээ. Аягүйдвэл \”Тоглоод байна” гэж бодох ч байсан байж магадгүй. Гэтэл огт танихгүй хүмүүс ийм сайхан сэтгэл гаргасанд балмагдсан бас их баярласан, урам зориг орсон.
-Хэсэгтээ л шоконд оржээ дээ…?
-Нээрээ яг тулгамдахаар эвгүй юм байна лээ ш дээ. Тэрхэн зуур жаахан барьц алдсан ч хичээх хэрэгтэй дээ л гэж бодсон. Мөнгөний их бага нь хамаагүй, хамгийн гол нь сэтгэл гэдэг чухал шүү дээ.
-Уран бүтээлч хүн гаргасан дуу болгондоо хайртай гэж хэлдэг. Гэхдээ сэтгэлд нь нэг дуу илүү их түүх, дурсамж хадгалсан байдаг юм шиг санагддаг?
-Мэдээж. Хүн болгон бүх дуундаа хайртай байдаг. Миний дуунууд өөр өөрийн гэсэн түүх агуулдаг. Гэхдээ миний дуулсан дуунууд миний амьдралд их ойрхон байдаг. Аав, ээж, нутаг, дүү, хайр сэтгэл гээд л олон, өргөн сэдвийг хамарсан. Т.Сэр-Од багшийнхаа дөрвөн дууг дуулсан байна. Тэр дуунуудыг сонсоход надаас өөр хүн дуулах ёсгүй байсан юм шиг, зөвхөн надад зориулагдсан, энэ дууг надад л өгсөн юм шиг санагддаг.
Анхны уран бүтээл маань төрсөн нутгийн минь тухай дуу байсан болохоор илүү их сэтгэлд үлдсэн байдаг. \”Сэтгэлийн нандин” дуу ч гэсэн миний л дуулах дуу юм шиг сэтгэгдэл төрдөг. Ер нь дуугаа сайн муу, хайртай гэж ялгахгүй. Бүх дуундаа хайртай.
-Д.Найдандоржийн нууц авьяас юу вэ?
-Найзуудтайгаа сагс их тоглодог байлаа. Бөх барилдана. Арван жилдээ дандаа нийлээд л сагс тоглоод явдаг байсан. Олон авьяастай шүү. Сагс тоглоод амжилт гаргаж байсан гээд бодохоор спортоор явчих байсан байх. Чөлөөт цагаараа сагс тоглоод л явчихна шүү дээ. Бас сүүлийн хоёр жил фитнессээр хичээллэж байна. Урлагийн хүн олон хүний өмнө гардаг болохоор тэр хэрээрээ биеэ сайхан авч явах ёстой гэж боддог.
-Найзууд дундаа нэр хүндтэй биз?
-Байгаа шүү. Тодорхой хэмжээгээр хүндлүүлнэ. Эргээд найзуудыгаа хүндэлнэ. Би их нөхөрсөг, нийтэч хүн. Олон сайхан найзуудаар хүрээлүүлсэн болохоор тэр хэрээрээ баян хүн.
-Тун удахгүй анхны бие даасан \”Хайраар зөөлөрдөг хорвоо\” тоглолтоо монгол зон олондоо хүргэх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан уу. Ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Анхны бие даасан \”Хайраар зөөлөрдөг хорвоо\” тоглолтоо энэ сарын 30-нд хийх гээд бэлтгэл ажилдаа орчихсон, маш завгүй ажиллаж байна. Монголын ард түмэнд Д.Найдандорж гэдэг хүнийг харуулж, таниулах анхны уран бүтээлийн тоглолт гэдэг утгаараа маш их сандарч байна.
Үзээд гарах хүмүүс сэтгэлийн таашаал авсан, хүнд юм бодогдуулахаар сайхан тоглолтыг хийх гээд хичээж явна. Миний тоглолтод аав, ээж, гэр бүл, найз нөхөд маань дэмжиж, тусалж байгаа. Анхны тоглолт маань маш сайхан болох байх гэж найдаж байна. Та бүхэн минь миний анхны бие даасан тоглолтыг өргөн олноороо ирж үзээрэй хэмээн урьж байна.
Бас тоглолтоо зохион байгуулахад минь чин сэтгэлээсээ тусалж байгаа аав ээж, ах дүү, найз нөхөд, ивээн тэтгэгчид, дуунд дуртай Монгол түмэндээ дахин талархснаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
С.Цэцэг