Усан үзмээр дарс хийж байсныг батлах
хамгийн эртний нотолгоо болох 8,000 жилийн настай дарсны ваарнууд Гүрж улсаас
олдсон байна. Тухайн үеийн дарсны үлдэгдлийг хадгалсан уг шавар ваарнууд нь нийслэл
Тбилис хотоос өмнө зүгт хоёр хэсгээс олдсон аж. Вааран дээр усан үзмийн багц,
мөн бүжиглэж буй эрэгтэй хүний дүрс зураг дүрслэгджээ.
Өмнө нь дарс хийж байсныг нотлох
хамгийн эртний баримт гэгдэх 7,000 жилийн настай сав Ираны баруун хойд нутгаас
олдож байжээ. Харин хамгийн сүүлд илэрсэн дээрх олдворын талаар Шинжлэх ухааны
үндэсний хүрээлэнгийн сэтгүүлд нийтэлсэн байна.
\”Энэ нь Евразид зэрлэг усан үзмийг
гэрийн аргаар дарс хийхэд ашиглаж байсан хамгийн эртний жишээ гэдэгт
эргэлзэхгүй байна. Дарс нь Барууны гэх мэт соёл иргэншилд хүрэх гол цөм юм. Эм
тан, олон нийтийг эвлэрүүлэгч, оюун санааг хувиргагч гэгдэн, өндөр үнээр
зарагдаж байсан дарс нь эртний Ойрх Дорнодын нутагт шашин соёл, эм зүй, эдийн
засаг болон нийгмийн гол цэг нь байсан” хэмээн Торонтогийн их сургуулийн ахлах
судлаач Стефен Батиук хэлсэн юм.
Б.Болормаа