БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх \”Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, \”Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон, хуваарилагдсан зээлийн хөрөнгөд багтаан гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод зөвшөөрлөө.
Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцааж төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөглөгдөнө.
Засгийн газрын \”Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай” 2015 оны 309 дүгээр тогтоолын хавсралтаар 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан.
Тус жагсаалтад зам, тээврийн салбараас дээрх төслүүд багтсан бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын санал болгосноор эдгээр төслүүдийг Хятадын компаниудаар гүйцэтгүүлэхээр тохирч, тэдний санал болгосон компаниудаас сонгон гэрээг шууд байгуулан хэрэгжүүлэх юм.