УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар \”Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүгчдийн цалингийн хэмжээг энэ удаа нэг мөр шийдэх гэж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байнгын хорооноос санаачилсан тогтоолын төслийн ерөнхий зарчмыг дэмжиж байна, харин шүүгчдийн цалингийн хэмжээг дэмжих боломжгүй. Учир нь шүүгчдийн цалингийн хэмжээ прокурорынхоос 2-3 дахин их байна. Шүүгчдийн цалин нь прокурорынхоос 20-30 хувь илүү байх нь зөв\” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, \”Төсвийн хөрөнгийг хэрхэн хуваарилж хууль тогтоох нь УИХ-ын эрх мэдлийн асуудал, гэтэл эрх мэдлийн аль нэг байгууллага өөрсдөө цалингаа тогтоох ёсгүй. Хуулиар эрх мэдэл олгоогүй заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл барьж байгаа нь буруу. Нөгөө талаар шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг цагдаатай жиших, прокурортой барьцуулах байдлаар ярьж болохгүй\” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд, \”Төрийн албаны тухай хуулиар шүүх, цэцийнхэн цалингаа өөрсдөө мэдэхээр ойлголт байгааг эхлээд засах ёстой. Цалингийн системийг ялгаатай болгосон нь хуулийн байгууллагуудын боловсон хүчний хөдөлгөөнд нөлөөлж байна\” гэсэн юм.
Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээг 2 сая 700 мянгаас 3 сая 300 мянган төгрөг байхаар шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэхүү санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.