Монгол Улс өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд гаднаас
маш их зээл авч, түүнийхээ хүүнд өдөрт 500 орчим сая төгрөг \”төлж” байгаа юм.
Төлөх ч гэж өдрийн хүү нэмэгдэн хуримтлагдсаар байгаа бөгөөд авсан зээлээ юм
болгож чадахгүй хүүнд нь \”алуулж” байна гэж нэгэнтээ УИХ-ын хэд хэдэн гишүүн
хэлж байсан. Миний бие зээлийг зайлшгүй шаардлагатай үед авдаг гэж ойлгодог бөгөөд
түүнийгээ юм болгож, хүүтэй нь хугацаанд нь төлөх ёстой гэдгийг мэднэ. Тэгвэл
манай Засгийн газар зээлнээс зээлийн хооронд амьдарч буй ихэнх иргэдээсээ дор
авсан зээлээ юм болгож чадахгүй үрэн таран хийж адаг сүүлд нь төлөх ёстой
хугацаа ирэхэд өдрөөс өдөрт хуримтлагдсаар буй хүүг нь ч төлж чадахгүйгээ
ухаарахгүй байгаа бололтой. Өнөөгийн Засгийн газар Монгол Улсын сүүлийн 20 жилд
тавиагүй гадаад өрийг 3-хан жилийн дотор тавьж, \”Их өр”-нөөс гарлаа хэмээн
баярлаж суусан монголчуудад дахин өр тавьсан юм. Хэдийгээр ард түмэнд энэ өр
хамаагүй гэдэг ч Засгийн газар ард түмнээс яаж ахиу мөнгө салгах тухай өдрийн
бодол, шөнийн зүүд болон толгойгоо гашилгаж янз бүрийн татвар, татаас, хураамж,
төлбөрийн хэмжээг эвтэйхэн байдлаар нэмсээр байгаа билээ. Ямар сайндаа бондын
хүүний хуримтлалд санаа зовсон УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн өрх бүрээс 10 сая
төгрөг хураан их өрийг тэглэх санаа олж \”Айл өрхийн зуслангийн цахилгааны
эрхийг 10 сая төгрөгөөр олгоё” хэмээн санал дэвшүүлсэн ч энэ нь дэмжигдээгүй
юм. Угаасаа үүнийг дэмжих нэг ч иргэн байхгүй. Тэгээд ч сонгууль дөхөж байхад иргэдийг
бухимдуулах юм хийхгүй байх нь зүйтэй хэмээн үзжээ. Тэгвэл барууны орнууд,
Японоос тултлаа зээл, тусламж авч, бонд гаргасан Монгол Улсад энэ удаад өмнөд
хөрш Хятад Улсаас 500 сая ам.доллар зээлэхээр болжээ. Хятад Улс ч 500 сая
ам.долларын хөнгөлттэй зээл олгож болох тухай яриаг аль 2010 онд дурдаж байсан
бөгөөд ийнхүү таван жилийн Монгол Улс зээлэхээр шийджээ. Харин энэ мөнгийг юунд
зарцуулах тухайгаа хэлэхдээ зам барина хэмээн хэлсэн юм. Юутай ч, Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-нд өмнөд хөршид төрийн айлчлал хийх
бөгөөд энэ үеэр дээрх мөнгийг гуйх бололтой. Тиймдээ ч Засгийн газар түүний
айлчлалаас өмнө 500 саяын асуудлыг хэлэлцсэн бололтой.