ОХУ АНУ-тай кибер аюулгүй байдлын талаар хамтран ажиллахад бэлэн байна гэж тус
улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Анатолий Антонов мэдэгдлээ.
Тэрээр CBS телевизэд
ярилцлага өгөх үеэр хэлэхдээ ” Манай улсын мэргэжилтнүүд АНУ-ын сонирхож буй
бүхий л асуудлаар хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлын талаар хамтран ажиллах
тусгай ажлын хэсэг байгуулахад хэзээд бэлэн гэдгийг би онцлон хэлэхийг хүсч байна” гэжээ.
Түүний
үзэж байгаагаар хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллавал өнгөрсөн онд АНУ-д болсон
Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын зүгээс оролцсон гэсэн сэжиг таамгийг шийдвэрлэхэд тус
дөхөм болох ажээ. ОХУ бүр 2015 онд кибер аюулгүй байдлын салбарт хамтран
ажиллах саналыг АНУ-д тавьсан боловч Америкийн тал үүнийг нь хүлээн аваагүй
бөгөөд өдгөө энэхүү саналыг дахин тавьж байгаа юм байна. Одоогийн байдлаар
АНУ-д өнгөрсөн онд тус улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын зүгээс
оролцсон эсэх талаар нарийвчилсан хяналт шалгалт явагдаж байгаа ба харин энэхүү
асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков ”ямар ч учир
утгагүй худал гүтгэлэг” гэж мэдэгджээ.
Ж.Батдорж