Энэ оны төсөвт
тодотгол хийж, төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал хэлбэрээр 300
мянган төгрөг олгохоор болсон билээ. Тэгвэл энэ нэг удаагийн урамшууллыг өрхийн эрүүл мэндийн төвийн
эмч, ажилтнуудад олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Харин анхан
шатны эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээ туслалцаа үзүүлж байгаа өрхийн эмч нар эсэргүүцэж байна. Энэ талаар өнөөдөр Монголын Эрүүл Мэндийн
ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар мэдээлэл хийлээ. Тэрээр \”Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь
нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн
салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага. Зах зээлийн зарчмаар ашиг орлого
олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг
чанартай үзүүлэхийн төлөө зүтгэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч,
ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна. Гэтэл цалин нь нэг ч төгрөгөөр
нэмэгдээгүй. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийн 3,000 гаруй эмч, эмнэлгийн
ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос
Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Сангийн яаманд хандаж өнөөдөр шаардлага
хүргүүлж байна. Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл
мэндийн төвүүд үүрч байгаа. Нийт 2,400 хүнд хүрч ажилладаг энэ хүмүүсийг
ялгаварлан гадуурхаж байна. Энэ шаардлагыг
биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 8-нд ЭМЯ-ны гадна талбайд эсэргүүцлийн
цуглаан, жагсаал хийнэ. Цаашлаад хэрэв үр дүн гарахгүй бол Өрхийн эрүүл мэндийн
төвүүд дагнан ажил хаяна. Монголын төр хүнээ үнэлээч ээ\” гэв.