Монголын оюун ухааны академийн тамирчид болох оюун ухааны ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар БНХАУ-ын Шэньжэнь хотноо олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ.
Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн гурван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөхөд Н.Мөнхшүр олон удаагийн гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Тэмцээний дэд байранд Хятадын тамирчин орсон бөгөөд 320 тамирчин ой тогтоолт, оюун ухааны дасгалд өрсөлдөж, ялагчаа тодруулсан байна.
2017 оны ДАШТ-ий дараа болж байгаа тус тэмцээн маш сонирхолтой болж, дэлхийн аварга цолтой олон тамирчид уг тэмцээнд оюуны чадвараа сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээн зохион байгуулагч орны тамирчид, 60 мянган оюун ухааны тамирчдаас шигшигдэн оролцсон гэдгээрээ онцгой тэмцээн болсон бөгөөд Монголын оюун ухааны академийн тамирчид сүүлийн жилүүдэд эх орнынхоо нэрийг тив, дэлхийн тэмцээнд өндөрт гаргаж байгааг илтгэн харууллаа. Манай улсын тамирчид хамгийн сүүлд энэ сарын 1-3-нд Индонези улсын Жакарта хотод болсон ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр түрүүлсэн юм. Тус тэмцээнд 21 орны 130 гаруй тамирчин оролцож, харааны болон сонсгол сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай баг тамирчид 90 медалиас 50-ийг хүртэж, бахдам амжилтыг үзүүлсэн билээ.
Харин уг амжилтын үргэлжлэл болж энэ удаагийн Хятадад зохион байгуулагдсан 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар маань ийнхүү улс орныхоо нэрийг дахин мандууллаа.