Хяргас нуурын байгалийн цогцолборт газар Үзүүрийн булаг орчимд цагаан зээрийн сүрэг шинээр нүүдэллэн ирсэн тухай Ханхөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн ирсэн уг амьтныг хууль бусаар агнах, хөөж айлгахгүй байхыг тус захиргаанаас иргэдэд анхааруулсан байна.
Цагаан зээрийн сүрэг нь тухайн газар нутгийн экосистемийн тэнцвэр алдагдах, хууль бус ашиглалт зэргээс шалтгаалан нутаг сэлгэдгээс гадна хахир хүйтэн өвлийг даван туулахаар нөмөр дулаан, бэлчээр сайтай нутгийг зорин нүүдэллэдэг байна. Одоогоос 60 жилийн өмнө цагаан зээр Увс аймагт амьдарч байсан бөгөөд Дорнодын уудам талаас эхлээд Увсын цэнхэр хязгаар хүртэл нүүдэллэдэг байжээ. Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлдсэн байна. \”Увс аймагт 60 жилийн дараа эргэн ирсэн цагаан зээрийн сүргийг хайрлан хамгаалж, хууль бусаар агнахгүй байхыг анхааруулж байна. Хэрвээ агнасан тохиолдолд амьтны тухай хуулиар 500-550 мянган төгрөгөөр торгоно” хэмээн Ханхөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Буянцог хэллээ.