Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ээс хийсэн \”Би
Монгол хүн” хэмээх богино хэмжээний баримтат киноны бодит үнэнг Буриад,
Халимаг, Тува зэрэг Оросын бага ястнуудын мэдээллийн сайтад дэлгэжээ. Уг мэдээлэлд
44 жилийн өмнө Өвөр Монголоос өөрийн эцэг болон хойд эхийн хамт тэмээ унасаар Монголд
орж ирэн тэр цагаас хойш Монголд амьдарч буйн эмэгтэйн тухай өгүүлжээ. \”Би
Монгол хүн” кино 44 жилийн өмнө 11 настай байхдаа Монгол Улсад орж ирэн амьдарч
Монгол хүн болохоор тэмцсэн Г.Чимэдцэрэн гуайн 44 жилийн зовлонт амьдралыг
таван минутад өгүүлсэн кино бөгөөд өнгөрөгч аравдугаар сарын 30-нд Туркийн
Стамбул хотод болсон Олон улсын кино наадмаас АBU /Asia-Pacific Broadcasting Union-Ази-Номхон
далайн телевизийн холбоо / хэмээх
шүүгч нарын тусгай шагналыг хүртжээ. Өвөр Монголоос орж ирсэн Г.Чимэдцэрэн охин
өнгөрсөн хугацаанд Монгол хүн гэдгийг нь баталсан Монгол Улсын иргэний
үнэмлэхтэй болохыг маш ихээр хүсч байсан ч тэр хүсэл нь талаар болж явсаар 44
жилийн дараа буюу 2009 онд биелжээ. Өөрөөр хэлбэл, Г.Чимэдцэрэн гуай өнгөрсөн
44 жилийн хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж хүртээгүйн дээр
сонгуульд ч саналаа өгөх эрхээ хязгаарлуулж байжээ. Харин 2009 оноос хойш Монгол Улсын албан ёсны иргэн болсон тэрбээр \”Надад
Монгол Улс дэлхийд 1 номерын улс шиг санагддаг. Би Монголд төрснөөрөө бахархдаг
Энэ бол бурхнаас өгсөн миний гэр” хэмээн хэлж, 2009 он хүртэл Монгол Улсын
иргэний тоонд багтдаггүй байсан учир гэр бүлийн гишүүд нь сонгуульд санал
өгөхөөр явахад ганцаараа гэртээ үлддэг байснаа хуучилжээ.