Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хийсэн юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт Банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт гурван удаа солилцож, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтоод байгаа аж.
Зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх юм байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах уг зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.
Уг зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Баярсайхан нар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн танилцуулга, байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Оюун, Р.Амаржаргал, Н.Энхболд нар Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Уг зээлийн хөрөнгөөр эрчим хүчний болон бусад төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнд, Эгийн голын усан цахилгаан станцад зээлийн 80 орчим хувь нь зарцуулагдахаас гадна Эрдэнэтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих, Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн 20 зм авто замыг барих зэрэг төслүүд багтаж байгааг салбарын сайд нар хэллээ. Түүнчлэн Эгийн голын цахилгаан станцын Байгаль нуурт үзүүлэх ус зүйн болон бусад нөлөөллийн үнэлгээ хийгдсэн бөгөөд Байгаль нуурт очих усны хэмжээ 0.020-0.023 хувиар багасах тооцоо гарсан, энэ нь өөрчлөлт төдий гэж дүгнэсэн талаар уг төслийн албаны дарга Д.Одсүрэн хариулт өгөв. Мөн тэрээр Эгийн голын цахилгаан станц ажиллаж эхлээд олсон орлогоороо зээлийг барагдуулах боломжтой. Зээлийг төлж дуусах хүртэл тус станцын үйлдвэрлэх 1 квт цахилгаан 8.5 цент орчим үнэтэй байх бөгөөд зээлээ төлж дууссаны дараа 1.4-1.6 цент болж хямдрах юм байна гэлээ.
Ингээд уг зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.