Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр манай тамирчид Астанагийн
тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг хоёронтоо мандуулж, хос хүрэл
медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан
Д.Сумъяа энэ дэлхийн аваргын анхны \”булган сүүлтэй” хүрэл медалийг
хүртэж, Монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ.
Тэрбээр Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай учраа таарч нэмэлт цагт илт илүүрхэн дэлхийн аваргаас анхны медалиа хүртлээ.
Д.Сумьяагийн
багш дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2005 онд дэлхийн
аваргаас анхны хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү 10 жилийн дараа
шавь нь багшийнхаа амжилтыг давтаж чадлаа. Ингэснээр дэлхийн аваргаас
медаль хүртсэн 4 дэх эмэгтэй жүдоч болж буй юм.
Тэгвэл энэхүү хүрэл медаль араасаа дахин нэг хүрэлийг дагуулсан юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин С.Ням-Очир Монголын багийн 2 дахь медалийн авчирлаа.
Өнгөрсөн жил ОХУ-ын Челябинск хотод
болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан БНАСАУ-ын бөх Хон
Кук Кёнгтой хүч үзэж хүрэл медаль хүртэн олимп, дэлхийн аваргын
медальтан боллоо.
Ийнхүү Монголын баг тамирчид 2 хүрэл
медаль, тавдугаар байр-2, долоодугаар байр-1 эзэлсэн амжилтаар нийт
улсаас 7 дугаар байрт жагсаж байна.
Эхний 3 өдрийн байдлаар нийт 11 тамирчид
татамид өрсөлдсөнөөс бүгд эхний учраагаа ялсан байна. Мөн нийт 46
барилдаан хийж 28 ялалт авчээ. Мөн хагас шигшээд 1 тамирчин үлдэж
торгуулийн тойрогт 5 тамирчин үлдсэнээс 2 хүрэл медаль, шагналт 5-р байр
3, нэг тамирчин 7-р байрт шалгарчээ. ДАШТ эхэлснээс хойш 3 өдөр
дарааллаж медалийн төлөө барилдлаа.
Эх сурвалж: Ugluu.mn Г.Эрдэм