Хоточ нохойгоо хөгшрөхөөр нь битгий ад үзээрэй
Дээр үед хөдөө нэг малчныд дөрвөн нүдэт хөгшин хоточ банхар байж л дээ. Хонь мал дагаж явах, хүн амьтан руу хуцаж дайрч хоргоохоо больсон ёстой л гэрийн хаяа сахиж хэвтсэн тийм л нэг банхар байж. Гэрийн эзэд банхараа өрөвдөж хөөрхий дөө өөрийнхөө тааваар байг гээд хол ойр, ан гөрөөнд ч дагуулж явахаа больжээ. Гэтэл нэг өглөө өнөөх банхар чинь айлынхаа нэг ой 6 сартай хүүхдийг нь хувцаснаас нь зууж аваад уулын орой руу давхиж одов гэнэ. Хүүхдийн аав, ээж орилж хашхирч, хүүхдээ салгаж авахаар араас нь хөөтөл яг тэр үед нь газар хөдлөлт болж нам дор газар том ангал цав үүсэж, гэр орон нь сүйдсэн байна… Гэрийнхэн баяр хөөр болцгоож, хоточ банхараа хооллож,эрхлүүлэхэд хөгшин банхар нь аз жаргалаар дүүрэн мэт эрхэлж тоглон, үсэрч харайж байв.. Харамсалтай нь маргааш өглөө хөгшин банхар үхсэн байв. Үүнээс л улбаалж Монгол хоточ банхар үхсэн хойноо л хэрэг нь тасарч, сүр нь дарагддаг гэх болж… Энэ аюулт гамшиг болохыг мэдсэн хоточ банхар үхэж чадахгүй тэссэн гэлтэй… Одоо ч гэсэн хөдөө газар хөдлөлт болоход хамгийн түрүүн нохой мэдэж гасалж гийнадаг гэдэг…