Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байна.
Хоёр жилийн өмнө УИХ-ын даргын захирамжаар Л.Цог гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судлахаар ажлаа эхлүүлсэн юм. Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан, УИХ дахь нам, эвслийн бүлэг бүрээс төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдаж, дээрх хуулийн төслийг боловсруулсан юм.
Түүнд Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах хариуцлага, Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бие даасан байдлыг дээшлүүлэхээр заасан байна.
Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг УИХ-аас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар, нэг удаа сонгодог байх. Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн өөрчлөлт хийжээ.
Хотыг засаг захиргааны нэгжид хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог хязгаарлах. Гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим харилцааг зохистой болгох чиглэлээр зарим нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна.
Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэснээр баталгаажуулах юм.
Үндсэн хуульд орж буй өөрчлөлттэй энд дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой.