УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний
тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, байр
сууриа илэрхийллээ.Тэрбээр \”Чуулганы ирц их муу
байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал
хэлэлцэх үеэр оролцохгүй байгаа нь буруу. Жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын
зөвлөл хуралдаад агаарын бохирдлыг бууруулах тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Харамсалтай нь нэг нь ч биелээгүй. Ийм байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
хуралдаж, зөвлөмж гаргаад яадаг юм.
Өнөөдөр бид дахиад ҮАБЗ
хуралдуулж, шийдвэр гаргахаас санаа зовж байна. Монголын хувьд энэнээс өөр гай
гамшиг байхгүй. 2004 онд анх намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход л утааг ярьж
байсан. Шийдэж чадахгүй байгаа нь сэтгэл зүрх байхгүй. С.Жавхлан соён
гэгээрүүлэх тухай ярьж байна, өнөөдөр Монголд соён гэгээрүүлэх тухай яръя
гэхээр гэрэл гэгээтэй юм алга байна. Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар
санаачилга гаргахаас өөр арга алга. Гэр дулаалах юм өнөөдөр ярьж байна. Тийм юм
байхгүй. 1.5 сая төгрөг төлөөд гэрээ дулаалах орлоготой иргэн байхгүй.
Б.Баттөмөр нарын гишүүд зөв ярилаа, утааг ажилгүйдэл, ядууралтай нь хамт
тэглэнэ, өөр арга байхгүй. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ
Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм. УИХ-ыг
тараах талын асуудлыг сар шинийн дараагаас тавина шүү ” гэв.