Махаа экспортлон \”шоконд” орсон эдийн засгаа аварна хэмээн Шийдлийн Засгийн газрынхан саяхан л итгэлтэй ярьж байсан юмсан. Гэвч гайтай юм шиг Баян-Өлгийд шүлхий өвчин гарч, түүнийг нь сонссон урд хөршийн мах авахаа түр хойшлуулъя. Та нар нэг жилдээ малынхаа халдварт өвчнийг дарж чадвал, 2017 онд баяртайгаар авъя гэсэн эелдэгхэн хариу өгч.
Уг нь, өнгөрсөн есдүгээр сарын 1-нд Хятадын Ерөнхий сайдын орлогч, Хорио цээрийн дэд сайд, ХАА-н сайд нартай уулзаж мах, махан бүтээгдэхүүн экспортлох уулзсан ажил хэргийн уулзалт амжилттай болж, найман мэргэжилтэн хөдөө орон нутгаар явж, монгол махны экологийнх гэдэгт бүрнээ итгэсэн. Салбарын сайд ч \”Хонины махны экспорт нэмэгдвэл манай улсын эдийн засагт маш том түлхэц болж өгнө. Хөдөө аж ахуй бол уурхайтай эн тэнцэхүйц хэмжээний орлогыг ДНБ-д оруулж байгаа. Гэтэл уул уурхайгаас 10 дахин илүү хүн хүч хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Сайдын хувьд миний өмнөө тавьсан гол зорилго уул уурхайгаас илүү бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц боломжийг Хөдөө аж ахуйн салбарт бий болгох юм. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад тэрбум ам.долларын махны экспортын асуудлыг шийдэх нь эдийн засгийг сайжруулж сэргээхэд их хувь нэмэр оруулна. Мах экспортлоход тулгардаг хамгийн том бэрхшээл бол малын гоц халдварт өвчин. Тухайлбал, шүлхий. Шүлхий өвчин жил дараалан гарч байна. Малын гоц халдварт өвчин гарснаар импортлогч улсууд импортоо зогсоодог. Тиймээс малын халдварт өвчин гараагүй тайван бүсээс мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах хэлэлцээрийг хийж байна. Мөн халдварт өвчнөөс ангид хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ер нь бол хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох зорилготой юм” хэмээсэн.
Хэлсэн үгэндээ ч эзэн болохоор тэрээр хичээсэн. Дээд түвшний хэд хэдэн уулзалт зохион байгуулж, албан бичгээр ч багагүй харилцсан. Гэвч эдийн засгийн аврах ганц төлөвлөгөө байсан махны экспорт хэлж ирдэггүй хийсч ирдэг гэх тодорхойлолтой өвчинд дийлдчихлээ. Үнэн үг сонсоход гашуун байдаг гэдэг. Бид өнгөрсөн хугацаанд махаа экспортолно гэж алгаа хавсарч, инээж суусанаас биш малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь үгүй. Малчдад малаа чанаржуулахаас гадна малаа гоц халдварт өвчин тусгахгүй байх, малчын эмчтэйгээ хэрхэн уялдаатай ажиллах талаар ч ухуулга, сургалт ч зохион байгуулсангүй. Салбарын яамны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сүүлийн хэдэн жил гарсан шүлхий өвчин хилээр импортлогдсон гэсэн. Үнэхээр тийм бол яагаад сөрөг арга хэмжээ аваагүй юм бэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр буруудсан хүн бусдад буруугаа тохохыг үгүйсгэхгүй. Тиймээс ч юм бүхний бурууг буух эзэнгүй, буцах хаяггүйд тохож ирсэн нь маргашгүй үнэн.
ХХААЯ-наас эдийн засгаа аврах эцсийн найдлага байсан махны экпортоо алдахгүйн тулд БНХАУ-ын холбогдох албаныхантай ярилцаж байгаа гэсэн. Урд зүгийн хүмүүсийн онцлог нь нэг шийдсэн бодлого шийдвэртээ бат зогсдог төдийгүй нам засгийн шийдвэрийг хуулиас ч хүчтэй хэмээдэг. Тэгэхээр өвчтэй малын мах ороод ирэх вий гэхээсээ айсан хятадуудын бодлыг салбарын яамны удирдлага өөрчилж чадах бол уу. Хэрвээ хүчин мөхөсдөн толгой гудайлаа гэхэд нүүрс, махны экпортын дараа Монголын ямар бүтээгдэхүүн эдийн засгийг аврах хүчтэн байх вэ…
О.Сод
www.newscom.mn