Канадын Засгийн газар Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод 100 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгдлээ.
Канад Улс 2024 оны аравдугаар сарын 1-нээс Хятадын цахилгаан автомашины импортод 100 хувийн нэмэлт татвар ногдуулж эхэлнэ.
Шинэ татвар нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд болон зарим хос хөдөлгүүрт автомашин, ачааны машин, автобус, хүргэлтийн фургоны импортод хамаарна. Үүнээс гадна, Канад улс Хятадын ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэж Ж.Трюдо мэдэгдэв.
Өмнө нь энэ зун Европын Комисс Хятадын цахилгаан машинд 17.4–37.6 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. Бээжингээс Хятадын автомашин үйлдвэрлэгчдэд олгодог “хууль бус татаас”-ын эсрэг мөрдөн шалгалтын дараа энэхүү тарифыг тогтоосон байна.
Тавдугаар сард АНУ-ын эрх баригчид Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн импортын татварыг 25 хувиас 100 хувь болгон нэмэгдүүлсэн юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг