Австрали улс цагаачлалыг багасгах бодлогынхоо нэг хэсэг болгон 2025 онд шинээр хүлээн авах гадаад оюутнуудын тоог 270 мянгад хязгаарлах шийдвэр гаргажээ.
Тодруулбал их сургуулиудад элсүүлэх гадаад оюутны дээд хязгаарыг 145 мянга, мэргэжлийн боловсролын сургалтад 95 мянгаар тогтоосон болохыг тус улсын Боловсролын сайд Жэйсон Клэр танилцуулсан байна.
2023 оны санхүүгийн жилд тус улс бараг 600 мянга гаруй оюутны виз олгосон нь өмнөх онуудаас хамаагүй өндөр үзүүлэлт болсон аж.
Харин Австралийн их сургуулиудын зүгээс гадаад оюутны тоог хязгаарлах аливаа арга хэмжээ нь эдийн засгийн үр нөлөө өндөртэй дээд боловсролын салбарт хохирол учруулж магадгүйг удаа дахин анхааруулж байсан юм.