Монголын үндэсний бөхөд дархан аварга цолтой 10 бөх бий.
Монгол бөхийн дээд цолыг авсан 10 дахь бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурь тодорсон билээ. Тэрбээр Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Орхонбаяраар ес даван түрүүлж, дархан аварга цолонд хүрснийг бөх сонирхогчид санаж байгаа биз.
Тэгвэл шинэхэн дархан аваргын цолны мялаалга наадам энэ сарын 15-нд Увс аймгийн Улаангом хотноо болох гэж байна.
Увс аймгаас төрөн гарсан хоёр дахь дархан аваргынхаа цолны мялаалгын наадмыг нутгийнхан нь “Бөхийн баяр” хэмээн нэрлэжээ. Энэхүү наадмаар улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болохоос гадна өсвөр болон сумын цолтой 64 бөхийн барилдааныг зохион байгуулах аж.
Өдгөө 36 настай түүний хувьд 2014 онд анх түрүүлж арслан, 2018 онд хоёр дахиа түрүүлэн улсын аварга, 2019 онд гурав дахь удаагаа түрүүлэн даян аварга цолонд хүрсэн бол үүнээс таван жилийн дараа төрийн наадмын дөрөв дэх түрүүгээ авснаар дархан аварга болов.
Н.Батсуурь нь улсын наадамд дөрөв түрүүлсэн гурван дархан аваргын нэг.
Түүнээс өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, Д.Цэрэнтогтох нар дөрөв түрүүлжээ. Улсын наадамд түрүүлсэн амжилтаараа Н.Батсуурийн өмнө бичигдэх дархан аварга цолтой таван бөх бий.