БНХАУ-д бүтээгдсэн, Tencent компанийн хөрөнгө оруулалттай “Black Myth: Wukong” видео тоглоом хэрэглэгчдэд хүрээд хэдхэн цагийн дотор Steam платформ дээр тоглогчдын тоогоор бүх цаг үеийн хоёр дахь хамгийн амжилттай тоглоом болон бүртгэгдлээ.
Хятадын эртний “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” роман, Сармагчны хааны домогт үндэслэн бүтээсэн адал явдалт RPG төрлийн уг тоглоом мягмар гарагт Steam дээр нээлтээ хийсний дараа дэлхий даяар нэгэн зэрэг тоглосон нийт тоглогчдын оргил тоо нь 2.1 саяд хүрчээ.
Ингэснээр “Black Myth: Wukong” шуугиан тарин нээлтээ хийж байсан single-player төрлийн “Cyberpunk 2077”, “Elden Ring” тоглоомуудаас гадна “Palworld”, “Counter-Strike 2” гэсэн шилдгүүдийг тус үзүүлэлтээрээ гүйцжээ.
Худалдаанд гарсан эхний өдрөө ийнхүү амжилтад хүрсэн нь тус тоглоом 40 тэрбум ам.доллароор үнэлэгдэх БНХАУ-ын видео тоглоомын зах зээл төрийн хатуу зохицуулалт, хяналт шалгалтад өртсөн хүнд он жилүүдийн дараа сэргэж чадсан гэх найдлага бий болоход нөлөөлж магадгүй байна.