Өнгөрсөн 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй
холбоотой 757 гэмт хэрэг гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 137 нэгжээр буюу
17 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг
нийслэл хотын хэмжээнд гарсан 36151 зөрчлийн 0.6 хувийг эзэлж байгаа юм байна.
Ингээд бага насны хүүхдийн хүчирхийлэл болон бусад
асуудлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга А.Энхбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд нэлээд
ихээр өртөж байна. Танайхаас хүүхдийг хүчирхийллээс хамгаалах ямар
ажлууд хийж байна вэ?
-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн
газар 2016 онд анх байгуулагдсан. Өнгөрсөн 2016
оноос Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль
хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10
дугаар зүйлд заасан хариу үйлчилгээ гэдэг эрх зүйн нэр томъёо анх
бий болж, 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр
үйлчилж эхэлсэн байгаа. Энэ зүйл заалт
үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор төрөл бүрийн
хүчирхийлэл, асуудал түгээмэл ирдэг болсон. Иймд манай
байгууллагаас хүүхдийн 108 гэдэг утсыг бий болгосон. Мөн
хүүхэд хамгаалах байр болон хариу үйлчилгээ үзүүлэх
төвийг нээсэн байгаа. Энэхүү төвийн үйл ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн.
-Танай байгууллагад хүчирхийлэлтэй холбоотой дуудлага
мэдээлэл хэр их ирж байна вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага насны
хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг нэлээд түгээмэл гарч
байна. Энэ асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас
стратегийн судалгаа хийсэн. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа бага насны
хүүхдийн асуудал нь гэр бүлийн зүгээс эцэг эхчүүд
үр хүүхэддээ анхаарал тавьдаггүй, харах хүнгүйгээр орхиж явж байгаатай холбоотой нь баримтаар
нотлогдож байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага тэр
дундаа бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа дуудлага 78
хувийг эзэлж байна. Хүчирхийллийн дуудлагыг гэр
бүлийн гишүүд, хамаатан садан нь цагдаагийн байгууллагад өгдөг.
Цагдаагийн байгууллага нийт хэргийнхээ 90 хувьд нь долоон хоногийн
дотор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-Бага насны хүүхдийн хүчирхийлэл хаана ихэвчлэн үйлдэгдэж
байна вэ? Төрсөн орон гэртээ ч хүчирхийлэлд өртөж байна гэсэн мэдээлэл байна.
-Тоон судалгаанаас харахад янз бүр байдаг.
Тухайлбал, 2014-2016 онд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3
хувь нь ээж аавтайгаа амьдардаг, 56.3 хувь нь өөрийн орон байранд
хүчирхийлэлд өртсөн байна. \”Гэр бүл, хүүхэд
залуучуудын газар\” хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн
хүчирхийлэлд өртсөн бол хамгааллын үйлчилгээ үзүүлэхээс гадна гэмт хэргийн
хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг 2018 онд эхлүүлэн ажиллах гэж байна. Хамгаалах байр, хүүхдийн шуурхай утасны үйлчилгээ гаргасан
шигээ эрсдэлтэй бүлэгт байгаа хүүхдийн мэдээллийг үндэслэн \”Гэрт
нь зочлох\” гэдэг үйлчилгээг энэ онд гаргана. Энэ үйлчилгээг бүх
шатны Засаг дарга болон хэсгийн ахлагч нартай хамтран зохион
байгуулах юм.
–Ер нь бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртсөн тохиолдолд өмгөөллийн туслалцаа хомс
байдаг. Бараг байдаггүй гэж хэлж болно. Хүчирхийлэлд өртөж, гэмт
хэргийн золиос болж байгаа хүүхдүүдэд хууль зүйн туслалцаа болон
өмгөөллийн үйлчилгээг танай байгууллагаас үзүүлж
байна уу?
-Хамгийн зовлонтой асуудал нь өмгөөллийн асуудал. Хууль
гаргаагүй байхад хүүхдүүд өмгөөллийн үйлчилгээ авч чаддаггүй байсан.
Харин 2016 оны есдүгээр сарын 1-нээс Хүүхэд хамгааллын
тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж
эхэлсэн учраас бага насны охид өмгөөлөгчийн үйлчилгээ, туслалцаа авч
байгаа.
-Өмгөөллийн туслалцаагаас гадна хүүхдийн
чиглэлээр дагнасан байцаагч танайд төв байгаа юу?
-Манай улс Азийн орнуудын дунд анх удаа хүүхдийн байцаагчтай
болсон. Мөн \”Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль\”-ийг шинээр батласан. Энэ хуулиар
дамжуулж бид залуу гэр бүл болон өсвөр үеийн залуучууд бүх төрлийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Н.Алтанцэцэг