\”Хосбаатар” сан, фэйсбүүкийн \”Жудаг” группээс санаачлан энэ сарын 20-нд зохион байгуулах 16 бөхийн халз барилдаанд хэн хэн зодоглох нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг татаж байсан. 30 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорч, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл, Х.Гантулга, О.Хангай, Б.Бат-Өлзий, М.Бадарч, улсын начин Э.Энхбат, Ж.Чулуунбат, Э.Даш, Ч.Хөхчирэнгэр, Б.Амарзаяа нар оролцохоор болжээ.
Зохион байгуулагчид барилдааныг сонирхолтой болгохын тулд чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдогийн өнөө цагийн шилдэг тамирчдын нэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нарыг үндэсний бөхөөр барилдуулахаар болжээ. Тэд хоорондоо гурван удаа барилдана. Бөмбөрцгийн хоёр хүчтний хэн давах нь спорт сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна.