Шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлал тогтсон. Уг шагналыг 2014 оноос олгож эхэлсэн бөгөөд энэ жилийн шагналыг академич, доктор, профессор С.Нарангэрэлд олголоо. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал нь түүний Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх,үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.