Энэтхэгийн
Мумбай хотын ойролцоох эрэг орчимд сургуулийн 40 гаруй хүүхдийг даац хэтрүүлэн
тээвэрлэсний улмаас осолджээ. Энэ үеэр 32 сурагчийг аварсан ч, таван хүүхэд
сураггүй алга болж, живж амиа алдсан гурван охины цогцсыг олсон байна. Усан
онгоцнууд аврах ажиллагаанд туслахаар Махараштра мужийн Дахану хотын ойролцоо
ирцгээжээ.
\”Times of India” сонины
мэдээлснээр уг завь даац хэтрүүлснээс гадна сурагчдад аврах хантааз өмсүүлээгүй
байсан аж. Амиа алдсан хоёр хүүхэд нь 17 настай байжээ. Сурагчид Даханугийн KL Ponda ахлах сургуулийнх
гэнэ. Даац хэтрүүлсэн завин дээр зорчиж явсан хүүхдүүд нэг талдаа овоорч гар
утсаар сэлфи зураг авах гэж байхдаа ийнхүү осолджээ. Харин Парнакагийн эрэг
дээр хүүхдүүдийн ар гэрийнхэн цугларч, шинэ мэдээ чих тавин хүлээж суугаа аж.
Энэтхэгийн
ерөнхийлөгч Рам Ковинд мэдэгдэлдээ амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнд эмгэнэл
илэрхийлээд, тэдэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ илэрхийлжээ. Ер нь
Энэтхэг улсад аль ч тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн олон тооны зорчигч
тээвэрлэж явдаг нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнээс шалтгаалсан осол аваар элбэг
гардаг тухай албаныхан өгүүлж байна. Тухайлбал, өнгөрөгч 11 дүгээр сард Андхра
Прадеш мужид мөн л даац хэтрүүлсний улмаас нэг завь осолдож, 16 хүн нас барсан
юм.
Б.Болормаа