УИХ-ын гишүүн Н.Батбаяр
нарын санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл ард нийтийн дэмжлэгийг авч чадвал юу болох вэ гэсэн асуултийг
сүүлийн үед иргэд бие биенээсээ асуух боллоо.
Тэгвэл Монгол Улсын
Үндсэн хууль \”Эх хууль” болон шинэчлэгдвэл ямар өөрчлөлтүүд улс төрийн хүрээнд
бий болох вэ гэдгийг энгийнээр тайлбарлая.
УИХ-ын 60 гаруй гишүүдийн
гарын үсэг зурж баталгаажуулсан тус хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог
нэмэхээр зааж. Тодруулбал, манай парламент 99 гишүүнтэй болох нь. Улмаар эдгээр
99 гишүүнийг дөрөв биш таван жилээр сонгодог болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын
гишүүдийн тоо 23-аар нэмэгдэж, сонгуульт хугацаа нь нэг жилээр нэмэгдэнэ гэж
ойлгож болох юм.
Үүнээс гадна Монгол Улсын
Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай зарим зүйл заалтууд байна.Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох бус харин УИХ-аар
томилдог байхаар тусгаж. Мөн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа
сонгогдох боломжтой байсныг хязгаарлаж зургаан жилийн хугацаатай нэг удаа
томилдог байхаар тусгажээ. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж,
бэлэгдлийн шинжтэй болгохоор заасан байна.
Харин Үндсэн хуулийн
өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайд Улсын номер нэг хүн эрх мэдэлтэн болохоор
тусгасан нь ажиглагдлаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн томилдог байсан зарим албан
тушаалтнуудыг Ерөнхий сайд томилж харин Ерөнхийлөгч зарлиг л гаргах үүрэгтэй
болох нь. Мөн Засгийн газрын гишүүдийг огцруулах, томилох асуудлыг дан ганц
Ерөнхий сайд л шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг УИХ, Ерөнхийлөгч,
Улсын Дээд шүүхээс санал болгодог байсныг өөрчилж, УИХ, Засгийн газар, Улсын
дээд шүүх болгон өөрчилсөн байна.
Ерөнхий дөө шинэчлэгдэх
Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл Ерөнхий сайдад шилжинэ гэж
ойлгож болно. Тиймээс л Ерөнхий сайдыг улсын номер нэг хүн болох нь гэж
тайлбарлаад байгаа юм. Эндээс дараагийн Ерөнхий сайдад зориулсан хууль болчихов
уу гэх хардлага төрж байна.
Харин эрх мэдэлтэй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дуусч, дараа дараагийн Ерөнхийлөгчид бэлэгдлийн шинж
чанартай болох юм байна. Энгийнээр Монгол Улсын Үндсэн хуулийн ингэж тайлбарлаж
болохоор.
Цаг давчуу өргөн барьсан
тус хуулийг мөн л цаг давчуу өргөн барьсан ард нийтийн санал асуулгаар
шийдвэрлэнэ. Энд нэг ноцтой асуудал үүсч магадгүй гэсэн айдас иргэдийн дунд бий
болоод байгаа. Юу вэ гэвэл, санал асуулгын дүнг эрх баригчид өөрт ашигтайгаар
гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр баталж магадгүй гэсэн айдас юм. Хэрхэхийг
цаг хугацаа л харуулах биз.
Нэг хэсэг Ерөнхийлөгчийн
засаглалтай улс болъё хэмээн яригдаж байсан Монгол, Ерөнхийлөгчийнхөө эрх
мэдлийг хасч, Ерөнхий сайдад хамаг эрх мэдлийг шилжүүлж, бүрэн утгаараа
парламентын засаглалтай болох нь дээ. Хэрвээ хууль батлагдвал …
А.Аюуш