Хууль зүйн яамны байрны гадаа байх 0101 УБҮ улсын дугаартай, хар өнгөтэй \”Лексус 570” маркийн тансаг зэрэглэлийн автомашины зураг олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд байна. Хуульзүйн яамны гадаа байсан учраас сайд Ц.Нямдоржийн унаа гэх мэдээлэл тархаад байгаа юм. Тэгвэл энэ мэдээлэл үнэн гэдгийг Ц.Нямдорж сайд өнөөдөр өөрөө хүлээн зөвшөөрлөө. Уг машиныг Засгийн газрын авто баазаас хэдхэн хоногийн өмнө сайд Ц.Нямдоржид хуваарилж өгсөн аж. 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны нэгдүгээр сарын 15-нд Монголд орж ирсэн, 350 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй, тансаг зэрэглэлийн уг автомашиныг 85 сая төгрөгийн үнэтэй тоноглолтой гэж автомашин сонирхогчид ч шуугин ярьж байна. Тэгвэл сайдыг шүүмжлэлд өртүүлсэн уг машины талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг чуулганы танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид тодруулахад \”Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая ам.долларын үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна” гэсэн тайлбар өгөв.
Ж.Бат