Узбекистаны хууль сахиулах байгууллагын ажилтнууд тус улсын нийслэл Ташкент хотын төвд дөнгөж төрсөн нярай хүүхдийг гар цүнхэнд хийгээд орхиод явсан эмэгтэйг эрэн хайж эхэлжээ. Энэ талаар тус улсын Дотоод явдлын яам өнөөдөр мэдээлсэн бөгөөд уг мэдэгдэлд Ташкент хотын нэгэн иргэн хотын төвд гадаа өвлийн хүйтэнд төрөөд хэдхэн хонож буй нялх хүүхдээ спорт загварын гар цүнхэнд хийгээд орхиод явсан байхыг олсон гэжээ. Узбекистаны Дотоод явдлын яамнаас мэдээлж байгаагаар өдгөө уг нярайг эмнэлэгт аваачаад байгаа бөгөөд харин хүүхдээ хаяад явсан эхийг нь эрэн сурвалжилж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Узбекистанд хахир хатуу өвлийн улирал тохиож байгаа ба тус улсын нийслэл Ташкент хотод гадаа хасах 7-12 хэмийн хүйтэн байгаа юм байна. Тус улсын цагдаагийн газар энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Ж.Бат