Үйлдвэрлэсэн он сар, хаяг шошгогүй \”Гандангийн шар тостой” гэх хэвийн боов, ОХУ-д үйлдвэрлэсэн гэх өттэй хар чавга, хадгалах хугацаагүй савласан гүрмэл боорцог, зориулалтын бус газар хадгалсан хиам, гэрийн нөхцөлд гар аргаар хийсэн салат гэх мэт зөрчил бүхий хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд байна. Уг зөрчлийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хийсэн сар шинийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илрүүлжээ. Тиймээс хаяг шошгогүй бууз, банш, ул боов гэх мэт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуй нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад хийжээ. Шалгалтын явцад нийт 328 зөрчил илрүүлж, 204 зөрчил буюу 62 хувийг нь газар дээр нь арилгуулж, улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаарлага өгсөн байна.
Түүнчлэн зөвшөөрөлгүй газар ууц, өвчүү чанасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр тус тус торгоно гэдгийг анхаарууллаа.
НМХГ-аас зохион байгуулж буй хяналт шалгалт хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Я.Хулан