Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвөөс Улиастай сумын чиглэлд \”Приус-20” загварын автомашинтай Улаанбаатар хотын харьяат иргэн 22 настай Б /эрэгтэй/, Б /эрэгтэй/, 30 настай У /эрэгтэй/ нар энэ сарын 28-ны өдрийн 15:00 цагийн орчим яваад сураггүй байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагыг 29-ний өдрийн 20:05 цагт өгсөн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдийн хамт эрлийг эхлүүлжээ. Улмаар сураггүй болсон иргэд Алдархаан сумын Аргалант багийн \”Зүүн цахир” гэдэг газар буюу сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т автомашин нь эвдэрсэн тул малчин Б-гийнд эсэн мэнд очсон байна. Онцгой байдлын алба хаагчид тухайн иргэдийг Улиастай суманд хүргэж өгчээ.
Харин Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн \”Хадат” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ тус багийн харьяат 44 настай иргэн Ц /эмэгтэй/ мөн энэ сарын 28-ны 00:20 цагт сумын төвөөс гэр лүүгээ яваад сураггүй алга болжээ. Энэ талаар тухайн өдрийн 20:29 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн аж. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 27 иргэн 28-ны 18:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн зохион байгуулж, улмаар энэ сарын 30-ны өдрийн 10:15 цагт тус багийн \”Нүгнэт” гэдэг газраас алга болсон иргэнийг осгож нас барсан байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. \”Нүгнэт\” гэдэг газар нь сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т оршдог байна.