УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжлээ. Уг хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна. Өнөөдрийн мөрдөж буй хуулиар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа юм. Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгажээ.
Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Арилжааны банкууд дахь иргэдийн хадгаламж нийт дүнгээрээ 17.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс даатгагдсан хадгаламж нь 4.3 их наяд төгрөг аж. Уг мөнгөн хөрөнгөд хяналт тавих зорилгоор Засгийн газраас дээрх төслийг өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Түүнчлэн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслийг баталлаа. Тухайлбал:
-Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. УИХ-ын тогтоолыг баталснаар Хятадын ерөнхий консулын газарт барилга байгууламж барихад зориулж Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2 га газар эзэмшүүлэхээр болж байгаа юм.
–Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ингэснээр УИХ Засгийн газарт 500 сая ам.долларын зээл авах эрх олгож байна. БНСУ-аас авах зээл нь жилийн 0.2 хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж. Үүнийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах юм.
Я.Хулан