Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Монголчууд XIII зууны үед намар сүү цагаан идээ элбэг дэлбэг байх үед цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд цагаан сарыг тэмдэглэж байсан гэдэг. Хожим хахир хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнийг тэмдэглэж иржээ.
Цагаан сарын баяр битүүний өдрөөс эхэлэх бөгөөд битүүнд Монголчууд маргаашийнхаа бэлтэглийг базаагаад гэр бүлээрээ шагайгаар \”алаг мэлхий\” өрөн тоглодог заншилтай. Түүнчлэн битүүний орой Лхам бурхан айл бүрт айлчлан ирдэг хэмээн гэрийнхээ тотгон дээр гурван хэсэг мөс, харгана тавьдаг.
Хаврын тэргүүн сар гэдэг нь Монголчуудын эртнээс даган мөрдөж ирсэн билгийн тооллын хаврын эхний сарыг хэлнэ. Хавар, зун, намар өвөл нь гурав гурван сартай хэдий ч шарын шашны зурхайд нарийн шалтгааны улмаас зарим жилд илүү сартай байх ажээ.
Цагаан сарын баяр 3 хоног үргэлжилэх бөгөөд энэ 3 хоногоо шинийн нэгэн, хоёрон, гурван хэмээн нэрлэнэ. Цагаан сарын шинийн нэгний өглөө хүн бүр өөрийн нас хүйс, төөрөгөөс хамаарч зурхайн зурлагын дагуу мөрөө гаргах зан үйлийг гүйцэтгэнэ. Үүнийг зүгээ гаргах ч хэмээн нэрлэх нь буй. Зүг чиг, мөрөө гаргасны дараагаар гэрийнхэнтэйгээ золгоно.
Золгохдоо эхнэр, нөхөр болон жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгодоггүй. Гэрийнхэнтэйгээ золгосныхоо дараагаар ойр дотны хамгийн ахмад, хүндтэй хүмүүсийнхээ гэрт очиж золгоно.
Цагаан сарын хурдан морины уралдаан
Цагаан сарын гол идээ шүүс нь бүхлээр чанасан хонины ууц, бууз, цагаалга болно. Түүнчлэн тавгаа ул боов, еэвэн, ааруул, цагаан идээгээр засдаг уламжлалтай. Ирсэн зочиддоо цай, айраг, сархад бариж.том багагүй ёс заншилаа дээдлэн сахиж, морин хуур эгшиглүүлж гэрийн жавар үргээнэ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн нар ургахыг сахиж, ургах үед байгаль дэлхийдээ идээ будааныхаа дээжийг өргөж ирж буй жилээ нарандаа даатгадаг.