УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг
Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний тангарагаа зөрчсөн үндэслэлээр, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах, У.Хүрэлсүхийн
Засгийн газар Үндсэн хууль зөрчиж бүрдсэн зэрэг асуудлаар хэсэг хуульчид ҮХЦ-д ханджээ. Энэ талаар өнөөдөр тэд мэдээлэл хийлээ.
Тухайлбал, Ц.Нямдоржийг өөрийн цалин орлогоос давсан хэмжээний тэтгэмжийг
бизнес эрхлэгчээс сар бүр авч байсан нь УИХ-ын гишүүний тангарагийг зөрчиж, энэ
нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа үндэслэлээр хуульч нар цэцэд маргаан
үүсгүүлэх мэдээлэл явуулж байгаа аж. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь түрээсийн
байранд амьдардаг, байрны эзнийг таньдаг учраас ашиглалтын зардлыг нь
төлөөд амьдарч байгаа гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд олон нийтийн хэрэгслээр
мэдээлэх болсон ба энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын
хууль, Авлигын эсрэг Монгол Улсын хууль
зэрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж Цэцэд ханджээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан төсөв, цалин, хангамжаас илүү давуу эрх
эдэлж байгаа УИХ-ын гишүүн Ц. Нямдоржийн талаарх энэхүү мэдээллийг шалгаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, УИХ-ын тухай
хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-37.1.4, 37.1.9,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоохыг хүслээ.
Мөн Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд хандсан байна. Өнгөрсөн баасан гаригт ҮХЦ-ээс маргаан үүсэх боломжгүй гэсэн. Одоо ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаанд гомдол гаргаж энэ асуудлыг авч үзэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэхээс өмнө ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцанг сольж өгөхийг хүссэн байна.
Түүнчлэн мэдээллийн үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан гэсэн асуудлыг хөндлөө. Хуульч О.Алтангэрэл энэ асуудлаар Цэцэд хандсан байна. Тэрээр Засгийн газрын 15 сайд бүгд УИХ-ын гишүүд бөгөөд 32:33 балансыг хадгалахын тулд Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзжээ.
Ийнхүү хуульч Б.Жавхлан Ц.Нямдорж сайдын асуудлаар, хуульч Д.Миеэгомбо Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар, хуульч О.Алтангэрэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын асуудлаар тус тус Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Я.Хулан