Тэмээгээр 13 мянган км замыг туулан Лондоныг зорихоор аялалд мордсон Н.Байгалмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд хотод ажилласан байгаа. Учир нь 10 тэмээтэйгээ хил давахад цөөнгүй бичиг баримт хэрэг болдог аж. Тиймээс энэ бүгдийг зохицуулахаар нийслэл хотноо ирээд байсан юм. Түүний аяллыг дэмжиж олон байгууллага, хувь хүн тусалж, дэмжихээ илэрхийлсээр байна.
Одоогоор түүний хувьд хилийн дээс алхахад 500 орчим км зам үлдсэн бөгөөд энэ замыг ойролцоогоор 14 хоногт туулах гэнэ. Тэмээн жингийн аянд явж буй Н.Байгалмаа бүсгүйд Шинжаан монгол, Өвөрмонгол, Дээд монголоос аян зам нь өлзийтэй сайхан байхыг ерөөн мэндчилгээ ирүүлсээр байна.
Өчигдрийн түүхэнд мөнхөрсөн
Өрнөд, дорнодын хөгжлийг түргэтгэсэн
Торгон замын хол аянд
Алунгоо эхийн сургаальтай Байгалмаа
Өэлүн үжин ээжийн тэвэр чадалтай Байгалмаа
Мандухай сэцэн хатны сүр жавхлантай Байгалмаа
Ази тивийн элэгнээс
Европ тивд хүрэх алс холын
Тулгын гурван чулуутай
Тэмээн жингийн аялал.
Жиргээ дээр таны чимээ сураг гарч
Дундад Монголын боомтын тэгш талаар өнгөрч
Буурал Алтайн эсгий туургатны тасархай
Урианхай, Тува ахан дүү
Монгол удмын заншлаар баярлан угтаж байна.
Өгөдэй хааны өргөмжил газар
Хаан сайр, хатан уултай Ховогсайр
Дөрвөн ойрдын бүрэлдэхүүн болсон
Волга мөрний хөвөөнөөс нэгдүүлсэн түүхтэй
Алдарт Жангарын туульс мандсан
Торгууд ястны өлгий нутаг
Найман уулын нутаг Ховогсайр
Ойрд Монголын удамшлаар
Хөх өнгийн хадагаа барьж
Алсаас ирсэн Байгальмаадаа
Амар мэндээ мэндчилүүлж
Алсын аян зам тань цагаан болтугай
Мөнх тэнгрийн ивээл дор
Зорисон газартаа зоригтой яваарай
А.Батбаяр
2018-2-5
Мөн ӨМӨЗО-ны Авга хошуунаас 19 настай н.Буянцогт хэмээх уран дархан залуу Н.Байгалмааг зорин ирж гарын бэлэг болох Монгол хийц бүхий хар хэл амнаас хамгаалах зүүлт бэлэглэлээ. Энэхүү зүүлтний хийцийн тухайд, арга билгийн дунд ногоон хашийг шигтгэжээ. Энэ нь эх дэлхий маань мөнх ногооноороо байхын билгэдэг аж. Тэрхүү хаш дээр нь нисч буй шувуу байна. Уг шувуу нь Европ руу Байгальмаа хэмээх бүсгүй нислээ, түмэн монголчууд нь харж хандаж, хамгаалж, хайрлаж явахыг билгэшээсэн агуулгатай юм гэнэ.
Я.Хулан