Салхи сийгэсэн байшинд бага насны гурван хүүхэдтэйгээ
ядруухан амьдарч буй Г.Нарангэрэл бүсгүйн талаарх мэдээлэл цахим орчинд
нийтлэгдэж, олны анхаарлыг татсан. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны
хэсгийн цагдаа Г.Нарангэрэлийн гэр бүлд хүнсний зүйл, нүүрсээр туслан тэдний
амьдралын талаар нийтэлж олны анхааралд хүрч, \”Утааны эсрэг ээж аавууд”
группийн гишүүд хандив цуглуулан байшинг нь засварлаж, өчигдөр хүлээлгэн өгсөн.
Г.Нарангэрэлийн гэр бүл туслах хандивын аянд нийтдээ гурван сая гаруй төгрөг
цуглаж, 20 гаруй залуус дөрвөн өдрийн турш өдөр шөнөгүй ажиллаж байшингийн
дулаалсан байна. Энэ хугацаанд Г.Нарангэрэлийг хоёр хүүхдийнх нь хамт зочид
буудалд байрлуулжээ. Цементэн шалнаас нь хүйтэн салхи жиндүүлж, гялгар цаасаар
битүүлсэн цонхоор жавар тачигнан, галаа өрдсөн ч гэр нь дулаацдаггүй, хүйт
даасан байшин хамар нь халцарсан зуны пүүз, нимгэн хувцастай хүүхдүүд амьдарч
байсан юм. Харин одоо бол Байшинг дулаалж, вакум цонх суурилуулан, шалыг
паркеталжээ. Мөн төслийн зуух байрлуулан, хүүхдүүдийг галаас хамгаалах
зорилгоор пийшингийн хамгаалалт төмрийг ч гагнасан байна. Сайхан сэтгэлт иргэд
хөргөгч, угаалгын машин, хувцас хэрэглэл, тоглоом гээд айлд байж болох бүхнээр
тусалжээ. Хөргөгчөөрөө дүүрэн хүнстэй, гаднаа овоолсон нүүрстэй, хамгийн гол нь
дулаан алдахгүй тохитой цэвэрхэн байшинтай болсон.
Г.Нарангэрэлд байшингийнх нь
түлхүүрийг хүлээлгэн өгөхөд \”Баярласнаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэр
маань үнэхээр сайхан болжээ. Хороо, хэсгийн эмч нар ч миний эрүүл мэндэд
анхаарахаа хэлсэн. Толгойгоо үзүүлж, эмчлүүлээд, хүүхдээ цэцэрлэгт өгчхөөд
санаа амар ажил хийх боломж надад олдлоо” гэв. Харин Утааны эсрэг ээж аавуудын
холбоо” ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал \”Гурван хоногийн хугацаанд 5:6
хэмжээтэй байшинг бүтэн дулаалсан. Одоо удахгүй цагаан сар болох гэж байгаа
учраас хүүхдүүд даарахгүй дулаан оршин амьдрах нөхцөл бүрдүүлж өгсөндөө баяртай
байна. Мөн группийн гишүүдийн хандивласан мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулсан”
гэлээ.
Н.Алт