Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллалаа хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, тэднээс газар хөдлөлтийн төвд байсан Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод өнөөдөр шилжүүлэн авчирч байрлуулаад байгаа аж. Хуалиен хотод нийт 31 монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог Дунхва их сургуульд суралцаж буй 13 оюутан аюулгүй байгаа юм байна.