\”Пёнчан 2018\” өвлийн олимпийн наадамд ОУОХ-ны урилгаар оролцож буй МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь спорт-олимпизмийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоо биелүүлэх ажлын хүрээнд олимпийн наадамд оролцож буй Үндэсний Олимпийн Хороодтой хамтран ажиллах, туршлага солилцох, өвлийн спортыг эх орондоо улам хөгжүүлэх зорилгоор ОУОХ, Олон улсын спортын холбоодын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж байна.
Тэрээр өнөөдөр Украин улсын ҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Сергей Бубкатай уулзаж хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу багш, дасгалжуулагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд спортын багш, дасгалжуулагч нарт зориулсан ахисан шатны сургалтыг ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Сургалтыг Дэлхийд нэртэй эрдэмтэн, профессор Владимир Платонов, Мария Булатова нар удирдан явуулах юм.